Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Баянголын амны 2007 айлын орон сууцны төслийн барилга угсралтын ажлын явц...

НИЙСЛЭЛ: Баянголын амны 2007 айлын орон сууцны төслийн барилга угсралтын ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон сууцны хорооллыг барьж буй. Үүнтэй холбоотойгоор монгол талын туслан гүйцэтгэгч компаниудын зүгээс төслийн талбайд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг тавьсны дагуу нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өнөөдөр тус байршилд ажиллалаа.

Тодруулбал, 2020 онд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газар хооронд БНСУ-ын “Экспорт-Импорт” банкны нэн хөнгөлөлттэй зээлээр 2007 айлын иж бүрэн цогцолбор, гадна талбайдаа 903 автомашины зогсоолыг барьж байгуулах ажлыг тохирсон байдаг. Ийнхүү өнгөрсөн 2024 оны нэгдүгээр сард орон сууцыг барих нээлттэй тендер зарлаж, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сонг” ХХК шалгарч, барилгын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна. 

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сонг” ХХК, ерөнхий туслан гүйцэтгэгчээр “Сүмбэр цамхаг” ХХК ажиллаж байгаа юм. Үүнээс гадна туслан гүйцэтгэгчээр “Голден лайт групп” ХХК, “Силикат констракшн” ХХК, “Өртөө харуул” ХХК, “Некст юнайтед индастрил монгол” ХХК, “Скайспид” ХХК болон “Батмандал өргөө” ХХК гэх зургаан монгол аж ахуйн нэгж ажиллаж байна. Гэвч төслийн санхүүжилттэй холбоотой маргаан гарч, тус аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс НЗДТГ-т удаа дараа гомдол ирүүлсэн байдаг.

Тэдний зүгээс нэн түрүүнд санхүүжилтийн хохирлыг барагдуулахыг хүсэв. Мөн дээрх маргаантай холбоотойгоор ерөнхий гүйцэтгэгч болон ерөнхий туслан гүйцэтгэгч ажлаа зогсоосон тул ямар нэгэн эзэнгүй болж орхигдсон блокуудын өвөлжилтийн бэлэн байдлыг хангах шаардлагатайг илэрхийлж байлаа. Учир нь эцсийн дүндээ уг барилгад 5000 гаруй өрх амьдрах, цаашлаад манай улсад үлдэх хөрөнгө учраас нэн яаралтай дээрх асуудлуудыг шийдвэрлүүлэхийг хүссэн гэдгээ уламжилсан юм.

Уулзалтын төгсгөлд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Уг төслийг аль болох нэмэлт зардал гаргахгүй, хохирол багатайгаар хэрэгжүүлэх нь чухал байна. Иймээс ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын “Ил Сонг” ХХК, ерөнхий туслан гүйцэтгэгч “Сүмбэр цамхаг” ХХК нарын хоорондын маргааныг эцэслэтэл нь хүлээлгүйгээр нийслэлийн зүгээс туслан гүйцэтгэгч монгол зургаан аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар боллоо. Мөн ирэх долоо хоногт БНСУ-ын “Экспорт-Импорт” банкны төлөөлөлтэй уулзан, үүсээд буй асуудлыг уламжилна” гэсэн юм. 

Ташрамд, барилгын арматур нь цас, чийг авснаар зэвэрнэ. Зэвэрсэн арматур дээр бетон цутгаж болдоггүй. Тийм учраас өвлийн нөхцөлд арматурыг үлдээх гэж байгаа бол чийг оруулахгүй байдлаар хамгаалж үлдээх шаардлагатай байдаг аж. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН