Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна

НИЙСЛЭЛ: Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна

Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж буй. Энэ хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалт өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байранд болж байна. Сургалтад нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагын удирдах албан тушаалын 300 албан хаагч оролцож байгаа бөгөөд НЗДТГ-ын дарга П.Хадбаатар нээж, үг хэллээ.

Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Төрийн албан хаагчийн ёс зүй”, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”,  Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор А.Алтанзул “Ёс зүйн зөрчил, эрх зүйн үндэслэл, хариуцлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 онд батлагдсан. Тус хуулиар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, нийтлэг үүрэг, хариуцлагыг тогтоож өгсөн. Тухайлбал, төрийн албан хаагч иргэдийн асуудлыг анхааралтай сонсож, хууль тогтоомжоор олгосон үйл ажиллагааны хүрээнд хариу өгдөг байх ёстой. Тиймээс төрийн албан хаагч мэргэжил болон харилцаа хандлагын хувьд ямар үүрэг хүлээж байна вэ гэдгийг сургалтаар хэлэлцэн таниулж байна. Мөн албан хаагч алдаа гаргах нөхцөл байдал хэрхэн үүсэж байна вэ гэдгийг тодорхойлж, алдаа, зөрчил гаргахгүй байлгахад сургалт чиглэлээ. Өнөөдрийн сургалтад оролцож байгаа нийслэл болон нийслэлийн харьяа байгууллагын удирдах албан тушаалтнууд эдгээр хэм хэмжээ, үүрэг, зарчмыг манлайлан мөрдүүлэхэд анхаарч байна” гэлээ.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд “Төрийн албан хаагч хүнлэг, энэрэнгүй байх, үнэнч, шударга байх, хариуцлагатай байх, манлайлах, хамтач байх ёс зүйн зарчмыг баримтална” хэмээн заажээ. Төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын соёлыг өдөр тутмын энгийн үйлдлээс эхэлж сайжруулдаг. Албан хаагч хувийн харилцаа, хандлага болон иргэдийн хүсэлтийг шийдэхэд сэтгэл гаргаж ажилладаг байх тал дээр анхаарах хэрэгтэйг сургалтын үеэр онцоллоо.

Төрийн албан хаагч ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх, зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөх үүрэгтэй. Эдгээр үүрэг, хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаа, төрийн албан хаагчийн ёс зүйн хүрээнд байнгын мөрдөж занших ёстойг сургалтаар танилцуулж байна.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН