Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн. Тухайн үед тус байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж байв. Ингээд “Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” НӨААТҮГ байрыг буулгаж байна. Өнөөдрийн байдлаар барилгыг нураах ажил зургаадугаар давхартаа буюу 70 хувьтай үргэлжилж байна. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм.






