Нүүр хуудасМэдээНИТХ: БНСУ-ын Гёнсанбүг мужийн ИТХ-ын Төлөөлөгчид айлчиллаа

НИТХ: БНСУ-ын Гёнсанбүг мужийн ИТХ-ын Төлөөлөгчид айлчиллаа

БНСУ-ын Гёнсанбүг мужийн ИТХ-ын Төлөөлөгчид айлчилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад Гёнсанбүг мужийн ИТХ-ын Соёл, хүрээлэн буй орчны хороо, Төлөвлөлт, эдийн засгийн хороо болон Захиргаа, эрүүл мэндийн хорооны гишүүд хүрэлцэн ирсэн юм. Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Ж.Сандагсүрэн Г.Гангамөрөн, П.Наранбаяр, М.Тулгат, Д.Энхтуяа, НИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн дарга Б.Батбямба нар зочдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн “Монгол улсын хүн амын 50 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Эдийн засгийн 65 хувь нь нийслэлд төвлөрдөг онцлогтой хот. Өнгөрсөн наймдугаар сараас хойш Улаанбаатар хот, Гёнсанбүг муж хооронд байгуулсан эрчим хүч, ногоон хотын чиглэлээр хамтран ажиллаж байна. Манай Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд  саяхан энэ чиглэлээр Гёнсанбүг мужид дадлагажиж, туршлага солилцсон. Гёнсанбүг мужийг эрчим хүчнээс гадна хүлэмжийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, гар урлалын чиглэлээр илүүтэй хөгжсөн гэж сонссон. Бидний зүгээс бизнес эрхлэгчдээ холбовол хамтын ажиллагаа илүү урт хугацаанд үргэлжилнэ гэж харж байна” гэв.

БНСУ-ын Гёнсанбүг мужийн ИТХ-ын Төлөөлөгч Ду Ги Үг “Коронавирусээс хойш дахин хамтын ажиллагаа сэргэж буйд талархалтай байна. Сүүлийн үед хоёр улсын харилцаа соёл, эдийн засгийн чиглэлд илүүтэй хөгжиж байна. Анх Гёнсанбүг муж Улаанбаатар хоттой 2007 онд харилцаа тогтоож байсан бол 2014 онд Гёнсанбүг мужийн ИТХ-ын Төлөөлөгчид хоорондын хамтын ажиллагаа эхлүүлсэн. Цаашдаа хотын харилцаа, орон нутгуудын хоорондын харилцаа илүү өргөжнө гэж бодож байна. Иймд давуу талуудаа харилцан ашиглаад түншийн хэмжээнд хамтран ажиллацгаая. Хэдийгээр хөрш зэргэлдээ улс орнуудын байдал тогтворгүй байгаа ч гэсэн орон нутаг, хот мужуудын хооронд харилцаагаа үргэлжлүүлэх саналтай байна” гэлээ.

Цаашид жижиг дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх болон төрийн албаны ажилчдыг чадавхжуулах чиглэлд илүүтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид уулзалтын үеэр илэрхийлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН