Нүүр хуудасМэдээНИТХ: НИТХ-ын төлөөлөгчид бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа

НИТХ: НИТХ-ын төлөөлөгчид бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн болон төлөөлөгч Т.Отгонболд, О.Зундуйдорж, Б.Мөнхбаатар нар Улаанбаатар хотын худалдааны танхим болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. НИТХ-ын төлөөлөгчдөөс гадна НЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот байгуулалт хотын стандартын газар, Хяналт шалгалтын газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ зэрэг холбогдох байгууллагууд оролцов.

НЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын хэлстийн дарга Б.Гантулга  улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв. Нийслэлийн зүгээс  суурь тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх үүднээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого барьж байгааг онцлов. 2025 оны байдлаар нийт 5,9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт Улаанбаатар хотод хийгдэж байна. Энэхүү төсөл арга хэмжээг салбараар нь ангилбал хот байгуулалт дэд бүтцийн салбарт нийт 49%, авто замын салбарт 26% , нийтийн тээврийн салбарт 8,3%, боловсролын салбарт 6% , төрийн үйлчилгээний салбарт 5,7% , эрүүл мэндийн салбарт 3% , хот нийтийн аж ахуйн салбарт бол 2%  хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байгааг дурдлаа.

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ Улаанбаатар хотын бизнесийн орчинд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар танилцуулга, мэдээлэл хийв. Газрын харилцаа, хотын тээвэр, логистик, хүнсний аюулгүй байдал зэрэг чиглэлээр тулгамдсан асуудлууд, санал хэлэв.

Аж ахуй нэгжүүдийн хувьд Хотын замын стандартуудыг яаралтай өөрчлөх, шинэчлэх, зам, шугам сүлжээний газрын суурь үнийг тодорхой тогтоох, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд нийслэлд газар олголтыг зогсоосон шийдвэрүүдийг цуцлах, барилгын норм, дүрмүүдийг заавал мөрддөг болгох, үүнд тавих хяналтыг мэргэжлийн холбоо, ТББ-аар нь гүйцэтгүүлэн хэрэгжүүлэх зэрэг саналуудыг хэлж байлаа.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн энэхүү уулзалтыг нэг удаа хийгээд өнгөрөх биш, цаашид тогтмол хийж, НИТХ-аар тулгамдсан зарим асуудлуудыг хэлэлцүүлэхийг онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН