НИТХ-аас Монголын охидын зөвлөлтэй хамтран олон улсын охидын өдрийг тохиолдуулан “Beauty with Brain” арга хэмжээг Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа. Охидод урам зориг, мэдлэг өгөх зорилготой энэхүү арга хэмжээг НИТХ-ын төлөөлөгч, Монголын охидын зөвлөлийн ахлах зөвлөх Б.Ану-Үжин санаачилан зохион байгуулж байгаа бөгөөд НИТХ-ын дарга А.Баяр нээж үг хэллээ. НИТХ-ын дарга А.Баяр “Үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт өнөөдрийн нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Охид бүлэглэн нэгнээ буллидэх бус нэгнээ хайрлаж хамгаалж дэмждэг, хамтдаа хөгждөг байх ёстой. Нэг охин буллидэлтийн эсрэг зогсоно гэдэг нэг бүлэг өөрчлөгдөнө гэсэн үг. Охид нэгнээ бүлэглэж гадуурхдаг бус бүлгээрээ, бөөндөө урагшилдаг, хөгждөг ирээдүйг бүтээж чадна гэдэгт би итгэж байна. Та бүхэн монголын маань гэрэлт ирээдүй юм шүү” гэв.
НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин “Монголын охидын зөвлөл 3000 гаруй гишүүнтэй. Охид руу чиглэсэн хөгжлийн маш олон арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Охид боловсролтой, мэдлэгтэй, сонирхолтой, зорьсондоо хүрдэг, мөрөөдлийнхөө төлөө тэмцдэг байгаасай гэж хүсэж байна. Үүний тулд багаар ажиллах, хүсэл сонирхлоороо нэгддэг, хамтдаа аливааг хийх урам зориг хэрэгтэй. Энэ бүхнийг бүтээхийн төлөө Монголын охидын зөвлөл манлайлал үзүүлэн ажиллаж байгаад талархаж бас охидоороо бахархаж байна. Та бүхэндээ олон улсын охидын мэнд хүргэе. Хамтдаа охидын төлөө дуу хоолойгоо нэгтгэж, илүү ихийг бүтээцгээе” хэмээн уриаллаа. “Beauty with Brain” арга хэмжээнд Монголын охидын зөвлөлийн ерөнхий зохицуулагч Л.Мөнхтуул болон нийслэлийн дүүргүүдийн салбар зөвлөлийн төлөөлөл охид илтгэл тавьж, урлагийн номер үзүүллээ. Энэ үеэр арга хэмжээнд ирсэн охид ч мөн өөрсдийн үзэл бодол, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гээд тулгамдаж буй олон асуудлын талаар ярилцлаа.