Гандан орчмын тохижилтын хүрээнд 160 нэгж талбарыг чөлөөлөхөөс одоогоор 36-г бүрэн чөлөөлж, 82 нэгж талбарт үнэлгээ хийж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 32-ын тойрог орчимд том оврын автомашины зогсоол барихаар 23 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж, нүүлгэн шилжүүлэх бэлтгэл хангагджээ.
Нийслэлийн хөгжлийг түргэсгэх 16 мега төслийн явцаас онцолбол:
Улаанбаатар Метро: Ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хоёрдугаар шатыг 7 дугаар сарын 3-нд нээнэ. Метро ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 23.3%-иар нэмэгдэх тооцоо гарсан.
Улаанбаатар Трам: Нисэхийн бүсийг хотын төвтэй холбох хоёрдугаар шугамын тендер зарлагдсан. Төслийг 2028 онд барьж дуусгах бөгөөд авто замын ачаалал 12.2%-иар буурна.
Дүүжин замын тээвэр: Барилга угсралтын ажил 58%-тай үргэлжилж, 19 тулгуур баганыг бүрэн угсарч дуусгасан.
Орон сууцжуулалт: “Сэлбэ 20 минутын хот” төслийн явц 21%-тай байна. Эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөв.
ДЦС-5: Бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөлт 77%-тай байна. Станц 2028 онд ашиглалтад орсноор хотын баруун бүсийн 40 мянган айлыг дулаанаар, 100 мянган өрхийг цахилгаанаар найдвартай хангах нөхцөл бүрдэнэ.
Түүнчлэн “Туул усан цогцолбор”, “Лаг шатаах үйлдвэр” болон “Олон түвшний уулзвар” зэрэг төслийн ТЭЗҮ болон зураг төслийн ажлууд үе шаттай үргэлжилж байна. Төслүүдийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын түгжрэл буурч, дэд бүтэц, байгаль орчны асуудлууд цогцоор шийдэгдэх ач холбогдолтой.





