Нүүр хуудасМэдээН.УЧРАЛ: Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш...

Н.УЧРАЛ: Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө

УИХ-ын чуулганы үдээс хойших өнөөдөр /2025.11.20/-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргад УИХ-ын гишүүн Ням-Осорын Учралыг дэвшүүлэв. Нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлыг бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа. Гишүүдийн олонх буюу 82.5 хувийн саналаар дэмжиж, Улсын Их Хурлын даргаар Ням-Осорын Учралыг томиллоо.

УИХ-ын дарга Н.Учрал УИХ, ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ “Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш хууль төрж байх ёстой. УИХ-ын нэр хүнд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт шалгуулж байгаагаас болж унаагүй. УИХ-ын нэр хүнд УИХ-ын гишүүн шалгуулахгүй байх давуу дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө.

1-рт, Парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг УИХ өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх

2-рт, Судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан, цаг үе, олон улсын чиг хандлага, хэрэгцээ шаардлагадаа нийцсэн хууль, тогтоомж хэлэлцэн батлах

3-рт, Олон ургалч үзэл, бодлогын мэтгэлцээний талбар байлгах

4-рт, Олон нийтэд илүү нээлттэй, ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвшихөд оршино.

Эдгээр дөрвөн зорилтыг УИХ-ын даргын хувьд баримтлан ажиллана. Энэ бүхний үр дүнд ард түмэн төлөөллөөрөө дамжуулан төрийн эрхийг барих парламентын засаглал бэхжих болно. Миний бие төрийн эрх барьж буй Монгол Ардын намын дарга боловч Үндсэн хуулиа ягштал сахин баримталж, УИХ-ын гишүүдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлэх, хууль санаачлах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа ялгаварлалгүйгээр эрх тэгш, хүндэтгэлтэй хандах болно” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН