Нүүр хуудасМэдээОнцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ

Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ

Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.

Тэр бээр,  төр, засаг, түмэн олныхоо өмнө хүлээсэн нэр хүндтэй бөгөөд  хариуцлагатай үүргээ чин шударгаар биелүүлж байгаа алба хаагчид болон гэр бүл, үр хүүхдүүдэд төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Гамшиг осол, аюул, эрсдэлээс ард түмнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, амь биеэ үл хайрлан хүчин зүтгэдэг алба хаагчдад Монголын ард түмэн ямагт талархаж, бахархан хүндэтгэдэг гэдгийг тодотголоо.

Аюул осол, сорилт бэрхшээл, байгалийн гамшиг тулгарахад нийтээрээ сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, улс үндэстнээрээ нэгдэн нягтарч, хүндрэл, бэрхшээлийг даван туулах, сөрөн тэсвэрлэх чадавхтай байх зорилгоор “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж байгаа юм.

Энэ стратегийг батлуулан хэрэгжүүлэхэд Онцгой байдлын байгууллагын манлайлал, хүчин чармайлт чухал болохыг тэмдэглэлээ.

Манай оронд тохиолдсон нийт аюулт үзэгдэл, ослын 80 орчим хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс хамааралтай байгаа гэсэн судалгаа байдаг.

Иймээс ард иргэдээ соён гэгээрүүлэх, аливаа аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд бэлэн байлгах, иргэний үүргээ биелүүлэхэд нь туслах шаардлагатайг хэллээ.

Хиймэл оюун, дижитал харилцаа, тоон өгөгдөл, сансрын болон орон зайн мэдээллийн технологи ашиглах, эрэн хайх, аврах ажиллагаанд гал унтраагч робот, нисгэгчгүй нисэх төхөөрөмж нэвтрүүлж, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх, амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь чухал гэдгийг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН