ОХУ-ын Алс Дорнодын Хабаровск мужаас цэргийн дайчилгаанд хамрагдсан эрчүүдийн тал орчим хувь нь шаардлага хангаагүй тул гэрт нь буцаасан тухай тус мужийн захирагч өчигдөр зарлажээ.
Есдүгээр сарын 21-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласан нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анхны ийм үйл ажиллагаа болсон юм.
Гэхдээ дайчилгаа эмх замбараагүй, зохион байгуулалтгүй болж буй нь Оросын иргэдийг нэлээд бухимдуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд дайчилгаанаас зугтсан 200,000 гаруй хүн эх орноосоо дүрвэж, эсэргүүцсэн хэдэн мянган иргэн баривчлагдаад байна.
“Арван өдрийн дотор манай олон мянган эрчүүд дайчилгааны зарлан дуудах хуудас авч, цэрэг татлагын байранд ирсэн. Гэвч тэдгээрийн тал орчим хэсэг нь цэргийн алба хаах шаардлага хангаагүй тул гэрт нь буцаалаа” гэж Хабаровск мужийн захирагч Михаил Дегтярев өчигдөр Телеграм хуудсаараа мэдээлжээ.
Тэрбээр цэргийн дайчилгааг муу зохион байгуулсан шалтгаанаар мужийн цэрэг татлагын хорооны дарга Юрий Лайког албан тушаалаас нь огцруулснаа энэ үеэр мэдэгдсэн байна.
Гэхдээ энэ шийдвэр Путиний зарласан цэргийн хэсэгчилсэн дайчилгааны төлөвлөгөөнд нөлөөлөхгүйг Дегтярев мэдэгджээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам энэ удаа өмнө нь цэргийн алба хааж байсан 300,000 бэлтгэл хүчийг дайчилж, Украины дайнд илгээх гэж байгаа.
Гэхдээ бодит байдал дээр цэргийн алба хааж байгаагүй, өндөр настай, архаг өвчин хуучтай, оюутан зэрэг шаардлага хангаагүй хүмүүсийг дайчилж буй нь нийгэмд бухимдал үүсгэж байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаанд алдаа завхрал гарч буйг хүлээн зөвшөөрөөд засаж залруулахаа амласан юм.
Эх сурвалж: Reuters