“Оюу толгой” компанийн зэсийн экспорт давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу цар тахалтай холбоотойгоор зогсоод байгааг 2021 оны гуравдугаар сарын 31-нд “Туркойз Хилл Ресурс” зарлаж байсан бол энэ нөхцөлийг цуцалснаа ОТ компани мэдээллээ.
Тус компани 2022 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа Лхагва гарагт танилцуулсан бөгөөд 30,555 тонн баяжмал дахь зэс, 47,631 унц баяжмал дахь алт үйлдвэрлэжээ. Уурхайн ашиглалтын төлөвлөгөө болон бага агуулгатай овоолгоос үйлдвэрийг тэжээсэн зэргээс хамаарч зэсийн агуулга болон металл авалт доогуур байснаар ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17% буурсан талаар тайланд дурдсан байна. Алтны агуулга өмнөх жилээс нэлээд багасжээ. 2021 онд 0.50 хувь байсан бол 0.26 хувь хүрч буурсан байна.
Хоёрдугаар улирлын байдлаар “Оюу толгой” татвар хураамж болон бусад төлбөрт 91 сая ам.доллар зарцуулжээ. Улмаар дотоодод зарцуулсан нийт хөрөнгийн хэмжээ 14.2 тэрбум ам.долларт хүрсэн байна.