Уулзалтад “Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Оюунтуяа, Төслийн зохицуулагч Д.Элбэрэл, “Мидас” ТББ-ын тэргүүн С.Энхжаргал, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Ц.Мандхайхатан, “Монголын залуучуудын эвсэл”- ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Амарзаяа, “Сонгуулийн боловсрол” клубийн Удирдах зөвлөлийн ахлагч, сэтгүүлч Г.Уянга, “Тунгаахуй” өгөгдлийн урлангийн үүсгэн байгуулагч Э.Тунгалаг нар болон Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, хэлтсийн дарга нар оролцов.
Сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сургалт, судалгаа явуулах, сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах болон улс төрийн намын санхүүжилтийн нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллаж байгааг Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Даваа-Очир онцолсон юм.
Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг танилцуулаад, иргэний нийгмийн байгууллагуудын санал, зөвлөмж, шүүмжлэл бүр нь Монгол Улсад чөлөөт, ардчилсан сонгуулийг бэхжүүлэхэд болон үйл ажиллагааг сайжруулахад чухал хувь нэмэр оруулдгийг онцолж, энэ оны төлөвлөгөөний талаар ярилцлаа.
“Сонгуулийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг хамтран боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах, Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллахаар уулзалтад оролцогчид ярилцаж, нарийвчилсан төлөвлөгөө гаргахаар тохиров.





