Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: салбар дундын уялдаа холбоо” үндэсний чуулганы хүрээнд...

ССАЖЗЯ: “Залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл: салбар дундын уялдаа холбоо” үндэсний чуулганы хүрээнд салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж байна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн өргөө амаржих газартай хамтран 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр “Өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг эрүүл мэндийн салбарын төлөөлөл 80 гаруй залуу эмч, мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн үг хэлэв. Тэрээр ирээдүйд эрүүл чанартай амьдрах нь өнөөдрийн сонголт, ухамсар, дадал зуршлаас маш их шалтгаалдаг тул эрүүл мэнд, эрүүл амьдралыг эрхэмлэхийг уриалав.

Арга хэмжээний эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан, Залуучуудын иргэний нийгмийн байгууллагыг төлөөлж “Монголын залуу манлайлагчдын ТББ”-ын зөвлөх Ц.Цэвээнравдан нар илтгэл танилцуулж, мэдээлэл хүргэлээ.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н.Батсайхан, панелистаар НЭМҮТ-ийн захирал, АУ-ны доктор Л.Баттөр, СЭМҮТ-ийн дэд захирал, АУ-ны доктор Н.Алтанзул, ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн эрхлэгч, Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч М.Мөнххишиг, АШУҮИС-ийн багш, БЗДХ/ХДХВ/ДОХ-ын мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэжилтэн, АУ-ны доктор В.Нямцэнгэл, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нөхөн үржихүй, өсвөр үе, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Паламжав нар оролцож, салбарын залуучуудад тулгамдаж буй асуудал, өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийн асуудлууд сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийг өрнүүлэв.

Салбарын залуучуудын дэвшүүлсэн асуудлуудаас дурдвал:

– Хамгийн хүнд сорилт нь 24 цагийн ээлжийн ажил, ачаалал;

– Эмнэлэг бүрд сэтгэл зүйч ажиллуулах;

– Хүний нөөцийн дутагдал;

– Ажлын байрны стресс, дарамт;

– Ажлаас халшрах хам шинж зэргийг дурдсан юм.

Хэлэлцүүлэгт оролцон тулгамдаж буй асуудлуудаа дурдаж, гарц шийдэл эрэлхийлж, нээлттэй санал солилцсон нь цаашид залуучуудын оролцоог бодитоор хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам боллоо. Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛ: САЛБАР ДУНДЫН УЯЛДАА” үндэсний чуулганаар хэлэлцэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН