XVII жарны Хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярын өмнө 21 дүгээр хорооны иргэн Д.Гантөр улсын аварга фермерээр, Улсын аварга тариаланч хамт олноор “Баянбүрд ногоон төгөл” ХХК тодорч шагналыг нь гардуулан өгсөн юм. Улсын аварга фермер Д.Гантөр нь 2013 оноос фермийн үйл ажиллагаагаа эхэлж өдгөө 50 гаруй үхэртэй жилд 60-70 мянган литр сүү саан Сүү ХК-д нийлүүлдэг байна.

Түүнчлэн 60 гаруй өрхийг нэгтэн хоршоо байгуулан 2024 онд Сүү ХК-д 2 сая литр сүү саан нийлүүлсэн байна. Түүний эрчимжсэн мал аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн улсын аваргаар шалгаруулсан байна.

Улсын аварга тариаланч хамт олноор тодорсон “Баянбүрд ногоон төгөл” ХХК нь анх 2003 оноос эхлэн 4 га газарт гэр бүлээрээ хүлэмжийн аж ахуй эрхэлж үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 20 гаруй төрлийн мод, 10 орчим төрлийн жимсний мод тариалж байна.

2008 онд 12 мянган тос, шүүсний сортын чацаргана, үхрийн нүдийг нийт 5 га газарт тариалсан Чацарганын солнечная, витаминная, чуйская, меслачная, елизавета зэрэг сортуудын мөчрийг үржүүлж, чацарганын тос, шүүс гаргаж авч байна. “Баян бүрд ногоон төгөл” ХХК-ийг хөдөө аж ахуйн салбарт 20 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж иргэдийг эрүүл хүнсний ногоо жимс, жимсгэнээр хангахад хувь нэмэр оруулсныг нь үнэлж Улсын аварга тариаланч хамт олноор шалгаруулсан юм.





