Жил бүрийн 10 дугаар сарын 14-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Дэлхийн стандартын өдөр”-ийг Стандарт, хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, ”Эдийн засгийн ногоон шилжилт” СОГЭ, Монгол Улс дахь олон улсын худалдааг дэмжих төслийн багийнхантай хамтран “Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” уриан дор Тогтвортой хөгжлийн есдүгээр зорилт “Хиймэл оюун ухаанд түшиглэн үйлдвэрлэл, инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх” хүрээнд иргэд, аж ахуй нэгж, хамтрагч байгууллагуудад стандарт, тохирлын үнэлгээний бодлого, үйл ажиллагааг таниулан, амжилттай зохион байгууллаа.
Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: “Бид 2024 оныг стандартын хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх жил болгон ажиллаж байна. Тодруулбал, Хууль, эрх зүйн орчин, Төрөөс баримтлах бодлого, Үндэсний хөтөлбөр зэрэг төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэ жилийн стандартын өдрийг Тогтвортой хөгжлийн есдүгээр зорилтыг хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилт ба Олон Улсын Стандартчилал нь эдийн засгийн хөгжил цэцэглэлт, нийгмийн оролцоо, байгаль орчны тогтвортой байдал гэсэн тогтвортой хөгжлийн гурван тулгуурыг дэмждэг Олон Улсын Стандартын байгууллагын стандартыг ашигласнаар төр, үйлдвэр, хэрэглэгчид бүгд ашиг тус хүртэх боломжтой. Олон Улсын хамтын ажиллагаанд үндэслэн зөвшилцөн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичгийн хувьд Олон Улсын Стандартын байгууллагын стандарт, баримт бичиг нь инновацын үндэс суурь, хөгжих бат бөх суурийг бүрдүүлдэг бөгөөд тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд бүх талууд хувь нэмрээ оруулахад туслах чухал хэрэгсэл” гэдгийг онцоллоо.
Энэ үеэр Зам, тээврийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын судалгаа, стандарт, статистикийн хэлтсийн ахлах шинжээч Ө.Одгэрэл: “Олон Улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох, мэдээллийн технологи, шинжлэх ухааны технологи, инновацын хууль, бусад эрх зүйн актын шаардлагад нийцүүлэн зам, тээврийн салбарт хамаарах дүрэм, журам, норм, стандартыг шинэчлэх шаардлагатай” хэмээн МУ-ын Зам, тээврийн салбарт их өгөгдлийг ашиглах сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгөх үеэр саналаа хэлсэн юм.
Олон улсын стандарт бол дэлхийн ахиц дэвшлийн тулгуур. Тэд хиймэл оюун ухаанаар дамжуулан инновацыг хурдасгахын тулд дэлхийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан ажиллах чадвар, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангадаг. Хиймэл оюун ухаан болон олон улсын жишгээр дэмжигдсэн уян хатан дэд бүтэц, аж үйлдвэрийн тогтвортой өсөлт, хамгийн сүүлийн үеийн инновац өнөөдөр болон ирээдүй хойч үеийнхний эдийн засгийн өөрчлөлтийг хөдөлгөх дэлхийг бид хамтдаа бүтээж чадна хэмээн Олон Улсын Стандартын байгууллагаас уриалга дэвшүүлээд байгаа юм.
Тэгвэл энэ бодлого, уриалгын хүрээнд СХЗГ-ын Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном СХЗГ-ын үйл ажиллагааг цахимжуулахаар хийж хэрэгжүүлж буй ажил болоод цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн. Тэрээр, Салбарын нэгдсэн системийг үе шаттай хөгжүүлэх, ингэснээр дижитал өгөгдлийн сан бүрдэнэ, нэгдсэн системээр дамжуулан оролцогч байгууллагуудын нэгдсэн оролцоог бий болгоно, бусад системүүдтэй мэдээлэл солилцох боломж бүрдэнэ, төсвийн хэмнэлт, хүний нөөцийн дутагдал нөхөгдөж, ажилтан албан хаагчдын ажлын бүтээмж өснө зэрэг олон үр дагавартай” хэмээн тодотголоо.
Ийнхүү Дэлхийн Стандартын өдрийг өргөн хүрээнд хийж хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөгөөнийхөө талаар олон нийтэд мэдээлэл өгч ажиллалаа. Стандарт, хэмжил зүйн газар нь цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, гадаад хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах, стандартын хэрэглээг нэмэгдүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан стандартыг бий болгох, үйл ажиллагааг цахимжуулах, лабораторийн аюулгүй үзүүлэлтийг бүсчлэн хөгжүүлэх, хүний нөөцийн ажиллах орчин нөхцөлийг хөгжүүлэн эрүүл, аюулгүй амьдралын баталгааг хангахад илүүтэй анхаарч ажиллаж байна.