Нүүр хуудасМэдээС.Амарсайхан: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг анхааруулж байна

С.Амарсайхан: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг анхааруулж байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах өргөтгөсөн хуралдаанд оролцож, “2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаар танилцууллаа.

Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр 330 сумаас 220 гаруй сум гантай, ургамлын гарц тааруу, малын тарга тэвээргэ сайнгүй байгаа учраас өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Тодруулбал Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй, Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Булган, Хөвсгөл, Орхон аймгууд бага эрсдэлтэй гэсэн судалгааны дүн гарсан.

Улсын онцгой комиссын III хуралдааныг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд хангах, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, отор нүүдлийн бэлтгэлийг хангах, бэлчээрийн ногоон өвс хадаж экспортлохыг хязгаарлах, эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд хангах зэрэг 14 чиглэлээр аймаг, сум, нийслэлийн удирдлагуудад үүрэг даалгавар хүргүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдааны хүрээнд эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнс хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаарх мэдээллийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, дараах үүрэг чиглэлийг өглөө.

Эрчим хүчний салбарт үүссэн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан, хуримтлагдсан өр төлбөрийг нэн яаралтай шийдвэрлэх, эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төлөвлөсөн хугацаанд нь хийж гүйцэтгэх;

Нүүрсний 15 хоногийн аюулгүйн нөөц бүрдүүлэн ажиллах;

Улаанбаатар хот болон аймгийн төв, суурин газруудын цэвэр бохир ус, дулаан шугам сүлжээн засвар техник, туршилт тохируулга, урсгал болон их засварын ажлыг хийж гүйцэтгэх;

Улаанбаатар хот болон аймаг, сум, дүүргийн орон сууц болон төрийн ба хувийн аж ахуй нэгжүүдийн цахилгаан эрчим хүч, дулаан, усаар найдвартай хангах, ирэх өвөл гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийг ая тухтай, амар тайван өвөлжих боломжоор хангах;

Түгжрэлийг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө, бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

Ган, зудын эрсдэлийг бууруулах зорилгоор зарцуулсан өвс, тэжээлийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах;

Хүн амын гол нэр төрлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч, мах,төмс, хүнсний ногооны дотоодын нөөц бүрдүүлэх;

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, орон нутагт өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллах;

Түүнчлэн Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүс бүр отор нүүдлийн судалгаа, бэлчээрийн өвс ургамлын нарийвчилсан судалгаа гаргаж, өвлийн бэлтгэл ажлыг сайтар хангахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН