Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдийг голлох таван хуулийн хүрээнд хэрэгжүүлж байна. Үүнээс дөрвөн хуульд нь төр, хувийн хэвшилтэй хамтарч төсөл, хөтөлбөрүүдэд оролцох боломжийн талаар тусгасан байдаг. Тодруулбал, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Эдгээр хуулийн талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өгч, “2025 онд нийслэл Улаанбаатар хот 16 мега төслөөс 10 мега төслийг гэрээлсэн. 200 гаруй жижиг, дунд төсөл, хөтөлбөрийг дээрх хуулиудын хүрээнд хэрэгжүүлсэн болон үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа”-г онцоллоо.

Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нэгдүгээрт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль буюу Тендерийн тухай хуулиар техник, чанарын үзүүлэлтээр тэнцэж, хямд үнэ санал болгосон компани шалгардаг. Тус хуулийн дагуу Сэлбэ хотын инженерингийн дэд бүтцийн багцууд, Хүннү хотын ариутгах татуурга, Эмээлт эко аж үйлдвэрийн ариутгах татуурга болон дулаан, цахилгааны станц, Туулын хурдны замын төсөлд зохицуулалт хийгдэж байна.
Хоёрдугаарт, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 2022 онд батлагдаж, 2025 онд хуульд шинэчлэл орсон. Нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд тус хууль чиглэдэг. Тус хуулиар 2025 онд анх удаа ТЭЦ-5, Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах төслүүдийг гэрээлсэн. Хуулийн дагуу 4 үе шаттай гэрээ байгуулдаг онцлогтой. Нэгт, урьдчилсан судалгаа шинжилгээ, хоёрт, бүрэн шинжилгээ, гуравт, сонгон шалгаруулалт, дөрөвт, уралдаант сонгон шалгаруулалтын шатыг дамжиж, НИТХ-аар 4 удаа орж, 8-12 сарын хугацаанд шалгаруулалт үргэлжилдэг. 2025 онд хуульд шинэчлэл хийгдэж, сүүлийн хоёр үе шатыг нэгтгэн шинэчилж байна.
Гуравдугаарт, 2015 онд батлагдсан Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг хэрхэн нураан төлөвлөх, гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, нийгмийн дэд бүтцийн төслүүдэд зохицуулалт мөрддөг. Ханын материал орон сууцжуулах төсөл, Сэлбэ хотын нийгмийн 15 багц ажил, ашиглалтын шаардлага хангахгүй 40 орчим байрыг дахин төлөвлөх ажлуудад тус хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтыг зарласан.
Дөрөвдүгээрт, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль нь иргэний саадгүй зорчих нөхцөлийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн төрөл, хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл, орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах төсөл, хөтөлбөрүүдэд хамаардаг. Сэлбэ хотын газар чөлөөлөлтийг тус хуулийн дагуу хэрэгжүүлсэн.
Тавдугаарт, Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулиар Хүннү хотын төлөвлөлт, хөгжүүлэлт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, эрх зүйн талаар зохицуулалтуудыг тусгаж өгсөн. Энэ хуулийн хүрээнд Хүннү хотын дэд бүтцийн нийт 15 багц ажил дунджаар 70 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Түүнчлэн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Дүүжин замын тээвэр, Баянхошуу хот орон сууцжуулах төсөл хэрэгжиж байна. Олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүд мөн хэрэгжиж байгаа” талаар мэдээлэл өглөө.





