Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Уилл Смит жүжигчин Крис Рокийг цохижээ. Крис Рок Уилл Смитийн эхнэр Жада Пинкетт Смитийн үсний талаар хошигносны дараа Уилл Смит тайзнаа гарч түүнийг цохисон юм.
Жада Пинкетт Смит үс халцрах өвчнөөр шаналж байгаагаа нийгмийн сүлжээгээр хэлсэн бөгөөд түүнийг Крис Рок “G.I Jane 2-ыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн хошигносон юм. /G.I Jane кинонд жүжигчин Деми Мүр жижигхэн үстэй гардаг/ The Hollywood reporter хэвлэлийн мэдээлснээр Уилл Смитийг эргээд суудалдаа суусны дараа “Миний эхнэрийн нэрийг … амаараа бүү хэл..” гэж хэлжээ. Энэ үеэр Уилл Смитийн дууг хаасан байна.
Зочид ихэд гайхаж энэ бүхэн хошигнол байсан эсэхэд эргэлзэв. Дараа нь Рок “Энэ бол телевизийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай үдэш байлаа” гэжээ. Олон улсын хэвлэлүүд энэ үйл явдлыг Оскарын зохион байгуулагчдын хийсэн тавилттай хэсэг байсан гэж үзэж байгаа юм.
Уилл Смит Оскар-2022 наадмын “Ричард хаан” киногоороо “Шилдэг эрэгтэй дүр” шагнал хүртлээ.