Нүүр хуудасМэдээУИХ: Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн хичээлээ 23 дугаар сургуулийнхан үндэсний...

УИХ: Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн хичээлээ 23 дугаар сургуулийнхан үндэсний хувцастай эхлүүллээ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2024.11.25) улс орон даяар ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр явууллаа.

Гадаад хэлний төрөлжсөн сургалттай 23 дугаар дунд сургуульд өнөөдөр “Дээлтэй Монгол” өдөрлөг зохион байгуулж байна. Энэ өдөрлөгийг тус сургууль жил бүрийн Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдрөөр уламжлал болгон хийж иржээ. Үндэсний хувцасаараа гангарсан ахлах ангийн сурагчид хичээлдээ ирж байгаа дүү нар, найз нар болон эцэг, эх, багш нараа Монгол Улсынхаа төрийн дууллыг ёслол төгөлдөр дуулан угтсан нь омогшил төрүүлэм байлаа.

Тэртээ 1957 онд байгуулагдсан тус сургууль эдүгээ 110 багш, 3300 гаруй сурагчидтайгаар сургалт, боловсролын үйл ажиллагаа явуулж буйг Сургалтын менежер, Монгол Улсын зөвлөх багш М.Цогзолмаа танилцуулав. Зөвхөн Улс тунхагласан баярын өдрөөр биш, долоо хоног бүрийн Даваа гарагийн өглөө Төрийн дууллаа дуулж хүндэтгэснээр хичээлээ эхэлдгийг тэрбээр онцолсон юм. Эхний цагийн тусгай хичээлийн дараа бүх ангиудад “Үндсэн хуулиа хэр сайн мэдэх вэ?” сэдвээр танин мэдэхүй, асуулт хариултын тэмцээн болох аж. Анги бүрээс шалгарсан сурагчид хоёрдугаар шатны шалгаруулалтад орж, сургуулийн аварга тодорно гэдгийг ч нэмж хэллээ. Энэ тэмцээнийг ангийн дарга нарын зөвлөлөөс санаачлан, зохион байгуулж байгаа ажээ.

Ахлах ангийн хичээл хэрхэн явагдаж байгааг сонирхох зорилгоор нийслэлийн нийгмийн ухааны зөвлөгч багш Г.Бат-Учралын ангид орлоо. 12 дахь жилдээ багшилж байгаа тэрбээр 11в ангийг удирддаг бөгөөд сурагчид Үндсэн хуулийн тухай хичээлд маш идэвхтэй оролцож, багшийнхаа асуулт бүрд бие биенээсээ уралдан хариулж байлаа. Энэ хичээлээс юу ойлгож авсныг нь асуувал сурагч Ж.Ирмүүн манай улс Үндсэн хуулиа хэзээ, хэрхэн баталсан, түүнд юу юу тусгагдсан болон хэд хэдэн онд шинэ Үндсэн хууль баталж байсан, мөн ул эх орон маань тусгаар тогтносон байхыг утга учир, иргэн хүн эрх чөлөөтэй байх нь ямар хэрэгтэйг мэдэж авлаа хэмээн хариулав. Тэрбээр, Үндсэн хууль нь тухайн улс орны оршин тогтнох суурь нь болж өгдөг. Үндсэн хуульгүй бол улс оршин тогтнохгүй гээд, хэрвээ манай улс Үндсэн хуульгүй байсан бол бусдаас хараат, эзлэгдчихсэн улс байх байсан болов уу гэв. Үүндээ тэрбээр Төвөд улсыг жишээлж, бид нарыг дэлхийн хаана ч очоод монгол хүн гэхэд Монгол Улсыг мэднэ ээ гэсэн улсууд байдаг шүү дээ гэсэн юм.

Харин сурагч Б.Бямбасүрэн, Улс орон Үндсэн хуулиараа ард иргэдийнхээ эрхийг хамгаалахын зэрэгцээ үүргийг нь ч бас зааж өгсөн байдаг. Багш маань сая Үндсэн хуульд тухайн улсын соёлыг илтгэн заасан байдаг гэдгийг хэлж өглөө. Гэр бүл бүрд шинэ гишүүн төрж, хүүхэд биднийг нийгэмшүүлж байгаа болохлоор Үндсэн хууль гэр бүлийг хамгаалдгийг ойлгож авсан гэсэн юм. Тэрбээр дунд сургуулиа төгсөөд АНУ-ын Калифорнийн их сургуульд бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр суралцах зорилготой ажээ. Манай улсын тусгаар тогтносон, бие даасан байдлыг Үндсэн хууль баталдаг болохоор би тэр сургуульд суралцаж чадна. Хэрвээ Үндсэн Хууль байгаагүй бол би тусгаар Монгол Улсын иргэн гэдгээ нотолж чадахгүй, ямар нэгэн өөр улсын хараат байсан бол өөрийн гэсэн улсгүй болохоор сурч боловсрох боломж надад олдохгүй байх байсан гэлээ.

Мөн сурагч Г.Бүүвэй одоогийн Үндсэн хууль ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгийн чухлаар тавьснаараа онцлогтой гээд, хүний үг хэлэх, хөдөлмөрлөх, амьд явах, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, гадаад, дотоодод сурч боловсрох гээд бүх эрхийг Үндсэн хууль өөртөө багтааж, баталгаажуулж өгсөн учраас хүмүүс нэг нэгнийхээ эрхийг хндэтгэж явдаг. Гэвч хүн эрхээ эдэлж байна, миний эрх, би л эрх эдлэх ёстой гээд яваад байх нь буруу, эрхээ мэддэгийнхээ хажуугаар бас үүргээ биелүүлдэг иргэн байх хэрэгтэй гэж бодож байна гэлээ. Өвөг дээдэс маань бидэнд ямар их үнэ цэнээр тусгаар тогтнолыг олж өгснийг ойлгож, энэ тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг хүүхдүүд бид мэддэг, мэдэрдэг байх ёстой гэдгийг тэрбээр онцолсон юм.

“Дэлхийн хэмжээнд Монголоо дуурсгах цогц чадамжтай, оюунлаг, эх орноо гэсэн сэтгэлтэй иргэнийг төлөвшүүлнэ” гэсэн эрхэм зорилготой тус сургууль ахлах ангийн 19 бүлэгтэйг М.Цогзолмаа багш танилцуулсан юм. 10 дугаар анги тав, 11, 12 дугаар ангиуд тус бүр долоон бүлэгтэй бөгөөд эдгээрт нийт 922 хүүхэд суралцаж байгаа аж. Бид ахлах ангиудаас төлөөлөл болгон зарим сурагчтай уулзаж, өнөөдрийн эхний цагийн хичээлийн сэдэв буюу Үндсэн хууль, Бүгд найрамдах улс тунхагласан түүхэн үйл явдлын агуулга, ач холбогдлын талаар ярилцсан юм.

12г ангийн сурагч Л.Сэнгүүн: 

Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 100 жилийн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулаад эхний цагийн хичээлээр Монгол Улсын Үндсэн хууль гэж юу болох, ямар утга зорилготой, иргэд бидэнд яаж нөлөөлдөг, монгол гэр бүлүүдийг хэрхэн хамгаалдгийн бид ойлгож авлаа. Манай ангийн багшийг Т.Одмаа гэдэг. Багш маань бидэнд гал голомт, алтан од гэх зэрэг зүйрлэл ашиглан Үндсэн хуулийн тухай сонирхолтойгоор заасан. Монгол Улсын Үндсэн хууль бол бусад бүх салбар хуулиудын үндэс болж, улс орны тусгаар тогтнолыг баталгаажуулж, иргэн хүний өөрийн гэсэн эрх, үүргийг тодорхойлдог. Хүн бүр өдөр болгон ямар нэгэн байдлаар Үндсэн хуульд заасан эрх, үүргүүдээ биелүүлж, хууль ёсыг даган амьдарч байдаг гэдгийг ойлгож авсан. Үндсэн хуультай, Үндсэн хуульгүй байхын ялгаа нь боловсролын тал дээр их гарах болов уу гэж бодож байна. Сүүлийн үед бид, ялангуяа төгсөх анги болохоороо өөр хоорондоо, үе тэнгийнхэнтэйгээ ярилцаж байхад ихэнх гадаадад сурч боловсрох мөрөөдөлтэй байна. Гадаадад дээд боловсролыг эзэмших боломж Үндсэн хуульгүй бол байхгүй байсан гэж бодож байна. Бид нарыг аль ч улсын өндөр нэр хүндтэй сургуульд яваад очиход Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хууль маань хамгаалж, дагаж, мөрдөх эрх, үүргийг маань тодорхой зааж өгдөг.

12г ангийн сурагч Г.Батмөнх:

Үндсэн хуулийн тухай илүү тодорхой ойлголтыг өнөөдрийн хичээлээс олж авлаа. Ард иргэдээ амар тайван байлгах, эрх чөлөөтэй байлгахад Үндсэн хууль чухал үүрэгтэй юм байна. Хүн эрх чөлөөтэй байхын хамгийн тод илрэл нь суралцах, боловсрол олж авах эрх гэж бодож байна. Бүхий л эрх чөлөөг бидэнд Үндсэн хууль л өгч байгаа.

9г ангийн сурагч П.Энэрлэн:

Ангийн багш, түүх, нийгмийн ухааны З.Цэнгэл багш маань өнөөдрийн эхний цагийн хичээлийг орж, Үндсэн хуулийн тухай маш их зүйлийг гүнзгийрүүлэн ойлгууллаа. Манай улс 1924 онд 11 дүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, нийслэл хотоо Улаанбаатар гэж нэрлэж байжээ. Тиймээс энэ өдрийг Улс тунхагласан баяр гэж бид бүхэн жил бүр тэмдэглэдэг болсон байна. Өнөөдрийн хичээлээс өмнө энэ талаар тийм ч сайн ойлголтгүй байсан. Үүнийг ангийн багш маань маш сайн тайлбарлаж өгснөөр хүүхдүүд бид Үндсэн хуулиа дээдлэн, сахиж явах ёстой юм байна гэдгийг мэдэж авсан.

12а ангийн сурагч Д.Номуун:

Монгол Улс ямар байх вэ гэдэг суурийг Үндсэн хуульд зааж өгсөн байдаг. Монгол Улсын газар нутгийг хэн өмчлөх, хэн хариуцах ёстойгоос эхлээд төрийн байгуулал ямар байхыг зааж өгдөг. Бид нарын эрх, үүргээс эхлээд төрийн эрх, үүргийг зааж, тэгш, шударга ёсыг тогтоож өгдөг юм шиг санагддаг. Хүн болгон төрөө хүндэтгэж, түүх соёлоо эрхэмлэх ёстой. Амьдарч байгаа нийгмээ сайн сайхан байлгахад энэ их чухал юм байна. Хэрэв Үндсэн хуулиар баталгаажуулсан төр байхгүй байсан бол үймээн самуунтай, хөл толгой нь олдохгүй байсан байх. Төрөө хүндэлж, төрийнхөө ач тусаар бид эв нэгдэлтэй, элэгсэг найрамдалтай, зохицуулалттай явж байгаа болов уу. Үүнийг төрт ёс гэдэг.

12а ангийн сурагч Б.Баяр-Эрдэнэ:

Аливаа улс тусгаар тогтнол, цаашдаа яаж оршин тогтнохоо Үндсэн хуульдаа бататгадаг. Улсаа тунхаглаж, тусгаар тогтнол, оршиж байгаа газар нутаг, өвгөдийн хэл соёл, сургаал номлолоос авахуулаад бүх зүйлээ үнэ цэнтэй, бат бэх байхыг тогтоодог зүйл бол Үндсэн хууль юм. Улс орон үнэ цэнээ алдвал оршин тогтнож чадахгүй, мөхөх аюул нөмөрнө.

12г ангийн сурагч Б.Марал:

Иргэн бүр Үндсэн хуулиа ёсчлон дагах мөрдөхийг Үндсэн хуульт ёс гэж хэлж байгаа юм. Бидний өдөр тутмын амьдрал, нийгмийг бүх харилцааг зохицуулах гэж Үндсэн хууль байдаг. Үндсэн хууль байгаагүй бол бид өдөр тутамдаа яаж аж төрөх, яаж амьдрах нь ойлгомжгүй байх байсан гэж болно. Дэг журам, ёс зүй, тодорхой хэм хэмжээг бидэнд Үндсэн хууль зааж өгч байгаа. Манай улс одоогоос 100 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуулиа баталж, улсаа тунхаглан, тусгаар тогтнолоо баталсан бол 1992 оны Үндсэн хуулиараа энэ бүхнийхээ дээр ардчилал гэдэг ойлголтыг илүү их тусгасан. Үүнээс улбаалаад бид хүний эрх чөлөө гэж яг юу юм, хүн эрхээ эдлэхийн тулд яах ёстой юм, түүнийгээ дагаад одоо хүн эрхээ эдлэхийн тулд эхлээд үүргээ биелүүлэх ёстой, тэрнийхээ үндсэн дээр эрхээ хэрэгжүүлдэг юм байна гэдэг ойлголтыг бид өнөөдрийн хичээлээсээ ойлгож авлаа. Эрхээ эдлэхийн тулд бид үүргээ мэддэг байх, үүнийгээ ухамсарлах ёстой, дараа нь эрхээ эдлэх ёстой. Эрх гэдэг зүйл ёс суртахууныг дагуулдаг гэж бодож байна. Эрхийн зэрэгцээ хүнд үүрэг байх ёстой. Мөн хариуцлага бий болдог. Хүн ёс, суртахуунтай, ёс зүйтэй хүн байж үүргээ биелүүлнэ. Харин үүргээ биелүүлсэн хүн бол эрхээ бүрэн эдэлж чадна.

12г ангийн сурагч Э.Маралгуа:

Монгол Улс 1924 онд хаант засаглалаас бүгд найрамдах засаглал руу шилжсэн. Бүгд найрамдах засаглал гэдэг бүгд даяараа тэгш эрх эдлэх нөхцөлийг бүрдүүлдэг байхыг хэлэх байх гэж бодож байна. Төр засгийнхаа эрхийг ард түмэн өөрсдийнхөө оролцоогоор, төлөөллөөрөө дамжуулаад барихыг хэлж байгаа болов уу. Хаант засаглал бол нэг хүн илүү давамгайлж, бусад хүмүүсийг удирдаж, засагладаг. Миний бодлоор энэ бол буруу. Бүгд найрамдах засаглал хүн болгоны санаа бодол, үзэл бодол, тэгш эрх, нөхцөл байдлыг бүрдүүлдэг учраас чухал гэж бодож байна. Монголын ард түмэн сонгуульд саналаа өгч, төр засгийн эрхийг шууд барьж байна. Анх 1924 оны Үндсэн хуулиар Улсын Хурал гэж байсан Улсын Их Хурал бол олон ургалч үзэл, энэ олон ард түмний дотор байгаа зөндөө олон үзэл бодлуудыг төр, засагт хүргэж, хэрэгжүүлэхийн тулд олон намууд, иргэдээ төлөөлж, хоорондоо мэдээлэл солилцож, оновчтой зөв шийдвэр гаргаж баталдаг.

11д ангийн сурагч Э.Саяжаргал:

Монгол Улсын Үндсэн хууль монгол хүний дархлаа гэж үздэг. Үндсэн хуулиараа бидний эрх чөлөөг тогтоож өгдөг. Эрх чөлөө гэдэг маань бидний хэлсэн үг, идэх зүйл, хийх үйлдэл бүх зүйл юм. Хэрвээ бид эрх, эрх чөлөөгүй байсан бол одоо ингээд сургуульд сууж байхгүй байсан гэж бодож байна. Манжийн дарлалаас Монгол Улс 1911 онд тусгаар тогтнож, 1924 онд Үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуультай тусгаар тогтносон улс байгаагүй бол манай улс НҮБ-ын гишүүн болоод явж байхгүй байсан. Бусад улс орнууд манай улсыг хүлээн зөвшөөрөхгүй байсан.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН