Нүүр хуудасМэдээУИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Хорват...

УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Хорват Улсад ажиллажээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Хорват Улсын парламентын гишүүн, Хорват-Монголын парламентын бүлгийн дарга П.Штромарын урилгаар 2026 оны 01 дүгээр сарын 26-наас 29-ний өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийлээ. Энэ нь хоёр улс 1993 онд дипломат харилцаа тогтоосноос хойших Улсын Их Хурлын гишүүд Хорватын парламентад хийсэн анхны бүлгийн айлчлал гэдгээрээ онцлогтой.

Айлчлалаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, Б.Заяабал, М.Мандхай нар Хорват-Монголын парламентын бүлгийн дарга П.Штромар тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

УИХ дахь Монгол-Хорватын парламентын бүлгийн дарга Ж.Алдаржавхлан уулзалтын эхэнд элгэмсэг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлж, хоёр улсын найрсаг харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тогтвортой хөгжиж, нийгэм, эдийн засгийн олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурийг тавьж чадсанд сэтгэл хангалуун байна гэв. Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, парламентын бүлэг хоорондын харилцан айлчлалыг тогтмолжуулах, харилцан туршлага судлах чиглэлээр идэвхтэй ажиллах эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.

Хорват-Монголын парламентын бүлгийн дарга П.Штромар хоёр улс газарзүйн хувьд алслагдмал  хэдий ч энэ нь саад тотгор бус харилцаагаа бэхжүүлэх боломж хэмээн хардаг гээд Монгол Улсыг Азийн чухал түнш улс гэж үзэн цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлсэн.

Дараа нь Улсын Их Хурал дахь Монгол-Хорватын бүлгийн төлөөлөгчид Бүгд Найрамдах Хорват Улсын парламентын дэд дарга Зелжко Райнерд бараалхав. 

Бүлгийн дарга Ж.Алдаржавхлан энэ үеэр 2025 онд тус улсын парламент дахь Хорват-Монголын парламентын бүлгийн дарга ноён П.Штромар тэргүүтэй төлөөлөгчид болон Хорватын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман нар Монгол Улсад айлчлал хийснийг дурдав. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны яамд хооронд зөвлөлдөх уулзалт хийж, харилцаанд чухал үйл явдлууд өрнөснийг тэмдэглээд улс төрийн итгэлцэл, харилцааг бодитоор бэхжүүлж чадсан гэдгийг онцолсон.

Бүгд Найрамдах Хорват Улсын парламентын дэд дарга Зелжко Райнер хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл бэхжиж байгаад баяртай байна гээд цаашид бүх шатны харилцан айлчлал, хамтын ажиллагааг бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Түүнчлэн айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын гишүүд Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич, Эдийн засгийн танхимын дэд Ерөнхийлөгч Игорь Показ, тус улсын Задар хотын засаг даргатай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН