Нүүр хуудасМэдээУИХ: Хууль зүйн байнгын хороо ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон...

УИХ: Хууль зүйн байнгын хороо ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг 8 үе шаттайгаар зохион байгуулжээ

Хууль зүйн байнгын хороо 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 15 удаа, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтарч нэг удаа, нийт 16 удаа хуралдан эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 33 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, хуулийн зургаан төсөл, Улсын Их Хурлын тогтоолын дөрвөн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган, батлуулж, яам, агентлаг, харьяа байгууллагын нэг тайлан, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэж, Байнгын хорооны 20 тогтоолын төслийг баталсан байна.

Ээлжит чуулганы хугацаанд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан байна.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр нэр дэвшигчийн сонсгол хийж, томилохоор заасан. Хууль зүйн байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталж, сонгон шалгаруулалтыг журамд заасан найман үе шатны хүрээнд зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтаар ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдийг Байнгын хороонд санал болгож, Хууль зүйн байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан.

Түүнчлэн хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн талаар болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран Жендерийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцжээ. 

Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд Хууль зүйн байнгын хороо “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт, хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага” сэдэвт болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан байна.

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хоёр хууль, тогтоолын төсөл, холбогдох мэдээллийг болон Байнгын хорооны 18 санал, дүгнэлтийг d.parliament.mn цахим системд байршуулсан.

Иргэдээс Хууль зүйн байнгын хороонд хандаж 36 өргөдөл, гомдол ирүүлснийг хүлээн авч, хугацаанд нь хариу өгч шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 132 албан бичгийг эрхлэх асуудлын дагуу хүлээн авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, 113 албан бичгийг холбогдох газарт явуулжээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Хүний эрхийн дэд хороо хоёр удаа хуралдаж, гурван уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Мөн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүний эрхийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг сайжруулж, зарим шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай санал, зөвлөмжтэй танилцсан байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН