УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өөрийн цахим хуудастаа Ард кино театрын асуудлаар үзэл бодлоо илэрхийлжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-т зааснаар: “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан байдаг.
Ард кино театрын кейс:
Төр нь өөрсдөө эхлээд болно гээд зөвшөөрөл өгнө. Баахан төслийн хөгжүүлэлт хийж байтал нэг шинэ дарга гарч ирээд үгүйсгэнэ.
– Төр нь өөрсдийн гаргасан шийдвэрээ цуцална,
– Тухайн үед зөвшөөрөл өгсөн төрийн албан хаагчид биш хөрөнгө оруулагч, хувь хүмүүс цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирно,
– Хэдэн жилийн дараа өөр нэг тохиролцсон хүмүүс нь “шинэ төслөө” хэрэгжүүлнэ. Эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр ажилладаггүй том усан оргилуур шиг юм хэдэн тэрбумаар шахна.
Энэ үйл явцыг чимээгүй хараад суувал нэг л өдөр таны өмчийг ард түмний нэрээр нэг том дарга дээрэмдэнэ. Эсвэл энэ системийг хүлээн зөвшөөрч өгдөг юмыг нь өгөх хэрэг гарна.
Хувийн өмчийг хамгаалаагүй цагт бид эрх чөлөө ярих боломжгүй. Энд сэдвээс тойруулж хэн нэг хувь хүнийг гүтгэж, харлуулж, ард түмнийг турхираад ямар ч нэмэр байхгүй.
Х.Нямбаатар та үндсэн хуулийн дагуу хувийн өмчид хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна. Үнэхээр нийтийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн дайчлан авах тохиолдолд төрийн буруу шийдвэр гаргалтаас болж хохирч байгаа хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгч талын нөхөн олговрыг бүрэн гүйцэт олгож, хохиролгүй байлгахад анхаарч байгаа юу? Яг үнэндээ ногоон байгууламж, нийтийн эрх ашгийг хэн ч үгүйсгээгүй. Хүчээр хувийн өмчийг булаах оролдлого мэт харагдаж байгаад нь л эмзэглэж байна. Зорилго нь аргаа зөвтгөхгүй.