Нүүр хуудасМэдээ"Уул уурхайн салбарын үр өгөөжийг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан шинэ шатанд...

“Уул уурхайн салбарын үр өгөөжийг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан шинэ шатанд гаргана”

“Mining Week & MinePro 2025” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд эхэллээ. Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, бүсчилсэн хөгжлийн бодлого, уул уурхайн салбарын шинэ чиг хандлагын талаар илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ уул уурхайн салбарын ил тод, хариуцлагатай, олон талт оролцоонд тулгуурласан хөгжил нь зөвхөн салбарын хүрээнд бус, улс орны нийгэм, эдийн засгийн цогц хөгжилд чухал хувь нэмэр оруулах ёстойг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталж, Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, Баруун бүс болон Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн чиглэлүүдийг тодорхойлон, хөгжлийн суурийг тавиад байгаа юм. Үүний хүрээнд бүсийн хөгжлийн чуулгануудыг зохион байгуулж, зөвлөлийн хурлуудаар дамжуулан 55 бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх шийдвэр гарган, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, бизнес, аялал жуулчлал, ногоон хөгжлийн салбарт анхаарч ажиллаж буйг дурдав.

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар голлох байр суурь эзэлсээр байна. 2024 онд салбарын ДНБ-д эзлэх хувь 27.3 хувь, улсын төсвийн орлогын 30 хувь, экспортын 94 хувийг бүрдүүлжээ. Энэ салбарт мянга гаруй аж ахуйн нэгж, олон арван мянган иргэн хөдөлмөр эрхэлж байгаа ч зөвхөн түүхий эдэд суурилсан бүтэцтэй хэвээр байвал дэлхийн зах зээлийн савлагаанд өртөх эрсдэл өндөр хэвээр үлдэхийг анхааруулав. Тиймээс уул уурхайн салбарын үр өгөөжийг илүү хариуцлагатай, стандарттай олборлолт, орон нутгийн хөгжил, хүний нөөц, логистик, чөлөөт бүс зэрэг таван тулгуур чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн орон нутгийн хөгжлийн 91 төвийг үйлдвэрлэл, үйлчилгээ, тээвэр логистикийн сүлжээнд нэгтгэснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож, тэгш хүртээмжтэйгээр хүрэх боломж бүрдэхийг тэмдэглэв.

Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн иргэд, ялангуяа малчдын амьжиргааг сайжруулах зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж, 10,177 анхан шатны хоршоо байгуулсан байна. Ингэснээр малчдын орлого нэмэгдэж, санхүүгийн боломж өргөжиж, амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлж байгаа бөгөөд цаашид “Нэг сум – нэг дундын хоршоо” зарчмаар нийт 330 дундын хоршоо байгуулж, малчдыг зөвхөн түүхий эд нийлүүлэгч бус, нэмүү өртгийн сүлжээнд оролцогч, үйлдвэрлэлийн эзэн болгох зорилтыг дэвшүүлжээ.

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг эдийн засгийн тэнхлэг, коридороор холбож, үйлдвэрлэл, худалдаа, логистикийн төвүүдийг орон нутгаас эхлэн олон улсын сүлжээтэй уялдуулж байгааг дурдав. Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур, Хөшигийн хөндий зэрэг чөлөөт бүсүүдэд тулгуурлан үйлдвэр технологийн парк, мега төслүүдийг хөгжүүлснээр тогтвортой ханган нийлүүлэлтийн тогтолцоог бий болгон, зах зээлд чанартай, баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөл бүрдүүлж байгааг онцлов.

Мөн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд нэг цонхны үйлчилгээний системийг SLA-тайгаар нэвтрүүлж, стандарт, зөвшөөрөл, байгаль орчны үнэлгээний үйл явцыг хөнгөвчлөх, маргааныг зуучлан шийдвэрлэх механизмыг хуульчилж, эрсдэлийн даатгал, зээлийн баталгаа, санхүүжилтийн иж бүрэн тогтолцоог бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлж байгааг мэдээллээ. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тогтвортой, ойлгомжтой, ил тод орчныг бүрдүүлэх бодлого тууштай хэрэгжиж буйг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн хөрөнгө оруулагчдаас богино хугацааны ашигт бус, урт хугацаанд амьдралын мөчлөгт суурилсан, орон нутгийн хөгжил, хүний нөөц, дотоодын ханган нийлүүлэлтийг хамарсан хариуцлагатай хөрөнгө оруулалт хүлээж байгаагаа илэрхийллээ. Монголын залуусыг сургаж, мэдлэг, технологийг нутагшуулах нь бидний хамтын зорилго байх ёстой гэж онцолсон юм.

Илтгэлийн төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан “Өнөөдөр Налайхаас эхлэн уул уурхайн салбарыг шинэ зуун руу стандарттай, хариуцлагатай, технологитой, орон нутгийн хөгжилтэй уялдуулсан шинэ шатанд гаргах хөдөлгөөнийг эхлүүлж байна. Бид түүхий эдээс илүүтэй, экспортод чиглэсэн, нэмүү өртөг шингэсэн эдийн засгийг бүтээж чадна гэдэгт итгэж байна” хэмээлээ.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчдын урт хугацааны эрх ашгийг хамгаалж, тогтвортой орчныг бүрдүүлэхийн төлөө хууль эрх зүйн болон бодлогын дэмжлэгийг цаашид ч тууштай хэрэгжүүлэн ажиллах болно гэдгийг мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН