Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран зохион байгуулж буй “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейд эхэллээ.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Олон улсын жил зарлуулах Монгол Улсын санаачилгыг дэмжсэн 102 улс, тэдгээрийн дотроос хамтран санхүүжүүлэгчээр санал өгч баталгаажсан 61 улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний байгууллага болон бусад байгууллага, та бүхний идэвхтэй дэмжлэг, ажил хэрэгч санаачилга, олон талт, найрамдалт хамтын ажиллагааны үр дүнд “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил -2026” зорилгоо бүрэн биелүүлж, хөдөөгийн иргэдийн дуу хоолойг дэлхийн бодлого боловсруулагчдын сонорт хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн тэмдэглэв.

Тус арга хэмжээнд Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүн, Элчин сайдын яамдын төлөөлөл, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Цөлжилттэй тэмцэх конвенц, бусад төрийн байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, малчид зэрэг 150 орчим дотоод, гадаадын зочид төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсын санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан бөгөөд нээлтийн арга хэмжээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Итали улсын Ром хотноо болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон билээ.





