Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр мэндчилгээндээ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа–2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж, иргэн төвтэй, хүртээмжтэй, өгөгдөлд суурилсан тогтолцоог бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэлээ.
Мөн төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн өгөгдлийн дэд бүтцийг бий болгох, цаасан суурьтай олон шат дамжлагатай үйл явцыг халж, бүхнийг цахимаар шийдвэрлэх шаардлагатайг дурдав.
Түүнчлэн “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд цахим хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, орон нутгийн хэрэгцээнд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэхэд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.
Төгсгөлд нь тэрээр төрийн үйл ажиллагааг илүү уялдаа холбоотой, үр ашигтай болгож, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллахыг уриалж, арга хэмжээнд оролцогчдод амжилт хүслээ.





