Нүүр хуудасМэдээЦХИХХЯ: “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” Улаанбаатар хотноо эхэллээ

ЦХИХХЯ: “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” Улаанбаатар хотноо эхэллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамран “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх энэхүү олон улсын хэмжээний арга хэмжээ 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Тус арга хэмжээний хүрээнд бүс нутгийн кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, кибер халдлага, зөрчлийн сүүлийн үеийн чиг хандлага, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, харилцан туршлага солилцох, кибер аюул занал, эрсдэлийг бууруулахын тулд оролцогч орнуудын сайн туршлагыг харилцан солилцох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Арга хэмжээг нээж “Ази, номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025” олон улсын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар илгээлт ирүүлсэн байна. Илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Х.Цогтбилгүүндарь уншиж, танилцууллаа. Мөн ОУЦХБ-ын Харилцаа холбооны хөгжлийн газрын захирал Dr. Cosmas Luckyson Zavazava, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн нар оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Энэ удаагийн сургуулилтад Ази, Номхон далайн бүсийн 26 орны 200 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улс “Кибер аюулгүй байдлын индекс 2024”-т 193 орноос 103 дугаарт эрэмбэлэгдэж, “Бэхжиж буй” түвшинд тооцогдсон. Энэ нь 2020 онтой харьцуулахад 17 байраар урагшилсан ч кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чадавх болон олон улсын хамтын ажиллагааны үзүүлэлтүүд Азийн дунджаас доогуур байгааг харуулж байна.

Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшин”-ий судалгааг хийлгэсэн. Судалгаагаар манай улс кибер аюулгүй байдлын бодлого, стратегийн хувьд харьцангуй өндөр түвшинд үнэлэгдсэн бол стандарт, технологийн нэвтрүүлэлт, хүний нөөцийн чадавх, халдлага илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, мэдээлэл солилцоо, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр илүү их анхаарах шаардлагатайг онцолсон байна.

“Ази номхон далайн бүс нутгийн кибер сургуулилт 2025”-ыг Монгол Улсад зохион байгуулснаар бүс нутгийн хэмжээнд кибер аюулгүй байдлын чиг хандлагуудыг хэлэлцэж, хариу арга хэмжээ авах, хамгаалалтыг сайжруулах шийдлүүдийн талаар санал солилцох, халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах ур чадварыг сайжруулж, чадавхжуулах, кибер аюулгүй байдлын бодлого төлөвлөлт, менежментийг сайжруулах, Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах хамтын үүргийн хэрэгжилтийг танилцуулах, улсаа сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН