Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын Байгууллагатай хамтын ажиллагааны уулзалт хийлээ. Уулзалтаар талууд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг хэд хэдэн чиглэлд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.

Уулзалтад:
– Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар
– Хамтын ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Анхбаяр
– Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяа
– Аймаг хариуцсан хэлтсийн дарга Б.Дөлгөөн
– “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын Байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг
– “Дэлхийн Зөн Монгол” Олон Улсын Байгууллагын Хүүхэд хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтэн О.Дариймаа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар иргэдийн цахим ур чадварын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ иргэдийн хэрэгцээ, орон нутгийн онцлогт тулгуурлаж олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллах зорилгоо илэрхийллээ.
Харин “Дэлхийн Зөн Монгол” ОУБ нь хүүхэд болон зорилтот бүлгийн хөгжил, хамгааллын чиглэлээр өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ туршлагадаа үндэслэж цахим орчин дахь хүүхдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх боломжтой тухай Үндэсний захирал Б.Болорцэцэг хэлсэн юм.

Цаашид хоёр байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хүүхэд болон зорилтот бүлгийн иргэдэд төрийн цахим үйлчилгээг илүү хүртээмжтэй, аюулгүй ашиглах орчныг бүрдүүлэхэд зорьж ажиллахаар санал нэгдлээ.
