Нүүр хуудасМэдээЦХИХХЯ: Digital Almaty-2025: 2 санамж бичиг байгуулж, Тажикистан улсад туршлага хуваалцахаар тохирлоо

ЦХИХХЯ: Digital Almaty-2025: 2 санамж бичиг байгуулж, Тажикистан улсад туршлага хуваалцахаар тохирлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайдын зөвлөх М.Тулгат тэргүүтэй албаны төлөөлөгчид Казахстан улсад зохион байгуулагдсан “Дижитал Алматы-2025” арга хэмжээнд оролцож, бүс нутгийн төлөөлөгчидтэй хамтын ажиллагаа эхлүүлэх яриа хэлэлцээ хийлээ. 

Тодруулбал, Тэрбээр БНКУ-ын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн дэд сайд Тулюшин Каништай уулзав. Уулзалтын үеэр талууд нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дроны туршилтын бүс болон виртуал бүсийн туршлага судлах, хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ хийлээ.

Үүний зэрэгцээ, Алмата хотын USTEM сангийн захирал Асылбек Мурзахметовтой уулзаж, дрон нисгэгч операторуудыг бэлдэх чиглэлд туршлага судлах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. 

Асылбек Мурзахметов нь Казахстан төдийгүй Төв Азийн бүс нутагт хүүхэд залууст шинжлэх ухаан, техник технологийн ур чадвар олгох урам зориг өгөх чиглэл STEM хөтөлбөрийг хэрэгжүүлж буй USTEM сангийн тэргүүн. Тэдний гол үйл ажиллагаа бол робот болон дроны тэмцээнүүдийг зохион байгуулж, энэ чиглэлд олон улсад өрсөлдөх баг тамирчдыг бэлдэж байна. 

Өнгөрсөн онд Казахстан улсын Ерөнхийлөгч Токаев Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын Цахим хөгжлийн яамд хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ. 

“И-МОНГОЛ АКАДЕМИ” УТҮГ УЗБЕКИСТАН УЛСЫН UZINFOCOM-ТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Дижитал Алматы-2025” арга хэмжээний үеэр Монгол Улс хоёр санамж бичиг байгуулав.

Тодруулбал, И-Монгол академи Узбекистан улсын UZINFOCOM байгууллагатай санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээ өрнүүлэв. 

Талууд 

  • Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах,
  • Инновацын чиглэлээр хоёр талын чадавхыг бэхжүүлэх;
  • Цахим Засаглал, кибер аюулгүй байдал, цахим ур чадвар, хиймэл оюун зэрэг чиглэлд хамтарсан санаачилгыг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо. 
     

ФИБО КЛАУД КОМПАН SILK ROAD INNOVATION HUB-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭВ

Үүний зэрэгцээ, Монгол Улсын стартап компани болох Фибо Клауд  АНУ-ын Silk Road Innovation Hub-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичиг гарын үсэг зурав. 

Тус компани нь 2023 онд  “SilkRoad Innovation Hub”-тай  “Цахиурын хөндий”-д үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хууль зүй, хамтын оффис, бусад шаардлагатай дэд бүтцийг хамтран хүргэх зорилготой санамж бичигт гарын үсэг зурж байсан билээ.  

ТАЖИКИСТАН УЛС МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ТУРШЛАГЫГ СУДАЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

“Дижитал Алматы-2025” арга хэмжээны үеэр Монгол Улсын төлөөлөгчид Тажикистан улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх инновац, дижитал технологийн агентлагийн захрал Хуршед Мирзотой уулзлаа. 

Уулзалтын үеэр “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран “e-mongolia” системийн талаар танилцуулга хийж, харилцан мэдээлэл солилцож, хоёр талын хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлэхээр тохиролцов. 

ЦХИХХ-НЫ САЙДЫН ЗӨВЛӨХ М.ТУЛГАТ САУДЫН АРАБЫН БИЗНЕС ЭРХЛЭЛТИЙН ОРЛОГЧ ДЭД САЙД МУХАМЕД АЛРИФАЙТАЙ УУЛЗЛАА

ЦХИХХ-ны Сайдын зөвлөх М.Тулгат Саудын Арабын бизнес эрхлэлтийн орлогч дэд сайд Мухамед Алрифайтай уулзаж, хоёр улс ижил төстэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буйг дурдаад Саудын Арабын Хөгжлийн Сангаар дамжуулан Монгол Улсад одоо байгаа болон шинээр бий болсон ойд дүн шинжилгээ хийх, хамгаалах зорилгоор дрон төвийг байгуулах боломжийг эрэлхийлж, яриа хэлэлцээ өрнүүлэв. 

Монгол Улс цөлжилттэй тэмцэхийн тулд 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих зорилготой “Тэрбум мод” санаачилгыг эхлүүлсэн бол Саудын Арабын Хаант Улс тогтвортой хөгжлийн зорилтот нийцүүлэн 10 тэрбум мод тарих Саудын ногоон санаачилгыг эхлүүлсэн. 

Мөн Саудын Арабын Хаант Улс 2024 онд UNCCD COP16-ыг Эр-Рияд хотноо зохион байгуулсан бол Монгол Улс ирэх 2026 онд тус арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. 

ДИЖИТАЛ АЛМАТЫ-2025 АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР 30 ГАРУЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙГДЛЭЭ

Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотноо 2025 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Дижитал Алматы” форум “Аж үйлдвэрийн хиймэл оюун: Шинэ эриний технологи” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.  

Тус арга хэмжээний үеэр  хиймэл оюуныг  аж үйлдвэрийн экосистем, эдийн засаг, санхүү, эрүүл мэнд, боловсрол, кибер аюулгүй байдалд нэгтгэх цогц бизнесийн хөтөлбөрийг танилцуулж ухаалаг үйлдвэрүүдийг хөгжүүлэх, өөрчлөлтийг авчрах хиймэл оюуны шийдлүүдийг олон нийтэд танилцууллаа. 

Хоёр өдөр үргэлжилсэн тус арга хэмжээнд 40 гаруй салбар хуралдаанууд хуралдаж, шинэ үеийн технологийн талаар хэлэлцэхээс гадна 300 гаруй илтгэгчид улс орнуудын сайн туршлага, шийдлийн талаар илтгэл хэлэлцүүлж, 40,000 гаруй зочин, төлөөлөгчид цугларав. Мөн энэ үеэр оролцогч улс орнууд 30 гаруй хоёр талын яриа хэлэлцээ өрнөв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН