Нүүр хуудасМэдээШадар сайд С.Амарсайхан: Түүх гэдэг он цагийн шалгуураар шигшихээ шигшиж үлдэн, шилгээхээ...

Шадар сайд С.Амарсайхан: Түүх гэдэг он цагийн шалгуураар шигшихээ шигшиж үлдэн, шилгээхээ шилгээж орхидог жамтай.

1921 оноос хойших шинэ цагийн Монгол Улсын түүхэн хөгжлийн он жилүүдэд Ардын нам, Ардын засаг ачааны хүндийг үүрч ирсэн нь үгүйсгэх аргагүй үнэн. Тэртээх 103 жилийн өмнөх энэ өдөр эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж, Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчдын хүсэл эрмэлзлэл, үзэл санаа, үнэт зүйлийг үргэлжлүүлэн түгээн дэлгэрүүлж яваа намын үе үеийн гишүүд, дэмжигчид, хамтран зүтгэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Сүүлийн 4 жилийн хугацаанд монголчууд бид төдийгүй дэлхий нийт хөнөөлт цар тахал, хил гаалийн асуудал, нийгэм, эдийн засгийн хямрал, хүйтэн дайн, геополитикийн зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай ган, зуд, газар хөдлөлт, үер ус гээд нүүр тулж болох сорилт бүхэнтэй халз тулж, улмаар даван туулж яваа түүхэн цаг үеийн гэрчүүд билээ.

2021 оны 02 дугаар сард “Эрүүл мэндээ ч аваръя, эдийн засгаа ч сэргээе” гэсэн зорилттойгоор ажлаа эхлүүлсэн манай Засгийн газрын бодлого шийдвэрийг дагаж, бэрх цагт нийтийн эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж чаддаг монгол түмнийхээ дэмжлэгтэйгээр Монгол Улс цар тахлыг дэлхийн дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, хатуу хөл хориог олон улсын дунджаас 1.5 жилийн өмнө нээсний үр дүнд тухайн үед -4.6%-тай байсан эдийн засгийн өсөлт 2023 оны сүүлчээр +6.9 хувьд хүрээд байна.

Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлийн бодлого”-ыг эдийн засгийн 6 гол салбарт жигд хэрэгжүүлж, хилийн боомтын хүчин чадлыг өргөтгөж, экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, 12.5 тэрбум ам.долларт хүрлээ. Ингэснээр ердөө жил хагасын өмнө 2.7 тэрбум доллар байсан гадаад валютын албан нөөц нэмэгдэж, өдгөө 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наяд болж, нэг хүнд ногдох ДНБ 5.220 ам.долларт хүрч, 2023 онд анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарлаа.

Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг гарсан энэхүү амжилтаа 2024 ондоо улам бататгаж, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ АЙЛ ӨРХ БҮРД ХҮРГЭХ нь та бидний гол зорилт билээ.

Улс төрийн ууган хүчин үүсэн байгуулагдсан түүхт 103 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Налайх, Багахангай дүүргүүдийн Намын хорооны гишүүд, дэмжигчид, ахмадуудтайгаа уулзаж, шинэ гишүүддээ намын батлахыг нь гардуулж баяр хүргэлээ.

Улс орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ямар ч цаг үед тууштай зогсдог Монгол Ардын Намын үнэт зүйл, үзэл санаа, үйлс зорилго нэгт гишүүд, дэмжигчид та бүхэндээ аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН