Нүүр хуудасМэдээШЕЗ-д дэвшигчдийн CV ба шүүхэд нүүрлэсэн аюул

ШЕЗ-д дэвшигчдийн CV ба шүүхэд нүүрлэсэн аюул

Улстөрчдийн хамгийн их дайрч, хүчгүй, олон нийтэд нэр хүндгүй болгохыг хичээдэг байгууллага бол шүүх засаглал. Тиймээс ч боломж гарвал дайрч, бололцоо гарвал шүүмжилж, төсвийг нь танахыг хичээдэг. Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүгчдийг сонгон шалгаруулах, шүүгчдийг нөлөөнд автахгүй ажиллах нөхцөлийг хангах, шүүхийн бие даасан байдлыг хамгаалах үндсэн үүрэгтэй, улс төрөөс хараат бус байвал зохих байгууллага. Гэтэл энэ байгууллагад улстөрчдийн “гар, хөлүүд” шургалахаар шунаж байна. Хамгийн их анхаарал татсан хоёрхон хүний CV-г болоод тэдэнтэй холбоотой мэдээллийг энэ удаад онцолж байна.

Генералыг ШЕЗ-д шургууллж болохгүй 5 шалтгаан
Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлын институци. Энэ чухал байгууллагад нэр дэвшиж буй Пүрэвдоржийн Батбаатарын өөрийн бөглөсөн анкетыг нягталбал шүүхийн байгууллагын онцлог, мэргэжлийн шалгууртай нийцэхгүй олон ноцтой зөрчил энгийн бидэнд ч ил тод харагдана. https://www.parliament.mn/nn/75936/
Ердөө жилийн өмнө түүнийг Дотоод хэргийн сургууль үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойгоор тус сургуулийн захирлаар ажиллаж байхад нь бригадын генерал цолоор шагнасан. Л.Оюун-Эрдэнэтэй нутаг нэг. Улс, хотоор нь удирддаг үеэл хоёрыг үнэтэй дэмжлэгээр ногоон гэрлээр дэвшсэн нэгэн гэгддэг. Одоо ч тэдний дэмжлэгт найдан ШЕЗ-ийн гишүүнд өрсөлдөж буй. Түүнээс хууль зүйн наад захын шаардлагыг хангах туршлага түүнд байхгүйг анкетаас нь харж болно.

Нэг. Хуульчийн бодит туршлага байхгүй
Тэр 2013 онд хуульчаар бүртгэгдсэн ч 2014 онд өөрийн хүсэлтээр зөвшөөрлөө түдгэлзүүлж, 2015 онд бүрмөсөн хүчингүй болгосон. Хуульчаар ажилласан туршлагыг нотлох баримт нэг ч байхгүй. Энэ нь шүүхийн бодлого тодорхойлох түвшний албан тушаалд нэр дэвшигчийн хувьд ноцтой дутагдал.

Хоёр. Өмгөөллийн практик байхгүй

Өмгөөлөгчийн эрх авсан ч Өмгөөлөгчдийн холбооны бүртгэлд хамрагдаагүй, үнэндээ өмгөөллийн ямар ч туршлагагүй. Шүүхийн тогтолцоонд өмгөөллийн тал үнэлэгддэг жинтэй байр суурьтайг бодолцвол энэ нь түүний анхны том цоорхой.
Гурав. Шүүхийн байгууллагад ажилласан түүхгүй хүн
Анкетад дурдсан байдал:
-Шүүгчээр ажиллаж байгаагүй, шүүхийн захиргаанд ажиллаж байгаагүй, ШЕЗ, Сахилгын хороонд ажиллаж байгаагүй. Товчхондоо, шүүхийн байгууллагатай нэг өдрийн ч ажлын холбоогүй.
Дөрөв. Карьерийн 90% нь цагдаагийн цэрэгжсэн бүтэц
Батбаатарын ажилласан бүх гол албан тушаал нь хүчний байгууллагын удирдлагын түвшинд ажилласан. ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хэлтсийн дарга, ДХИС-ийн захирал. Энэ замнал нь шүүхийн байгууллагын төвийг сахисан, хараат бус, иргэний шинжтэй удирдлагатай байхад огт нийцэхгүй. Харин яг эсрэг болзлыг бол хангаж чадна.
Тав. “Эрх зүйчээр 10 жил ажилласан” гэх заалт нь бодит ажилтайгаа зөрчилтэй
Тэр “эрх зүйчээр 10-аас доошгүй жил ажилласан” гэж хавсаргасан боловч энэ хугацаанд жагсаасан ажлууд нь бүгд захиргааны удирдлага, цагдаагийн командлалын ажил. Хуульчдын холбоо, мэргэжлийн байгууллагын идэвхтэй гишүүнчлэлгүй. Түүнд шүүхийн мэргэжлийн шалгуурыг бодитоор хангах хангалттай нотолгоо алга. Дарга, эрх зүйчээ ч ялгахгүй яваа хүн шүүх байгууллагын ШЕЗ-д нэр дэвшжээ. П.Батбаатарын анкетын CV-ээс харахад түүний мэргэжлийн туршлага, ажилласан салбар, хариуцсан албан тушаалууд нь шүүхийн тогтолцооны мэргэжлийн шаардлагатай нийцэхгүй аж.
Х.Эрдэм-Ундрах ялгаварлан гадуурхалтад холбогдсон хүн

Нэг. ХЭҮК-ийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №2/34 албан зөвлөмжөөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрахын удирдлага дор ажлын байрны дарамт, ажилтнуудыг “доромжлох, сүрдүүлэх”, үзэл бодол, албан тушаалын байдлаар ялгаварлах, ажлын байрны орчныг ноцтой эвдсэн, удирдлагын ёс зүй алдагдсан
гэх дүгнэлтүүдийг гаргасныг та харж байна.
Комиссын зөвлөмжид тодорхой зааснаар “Хөдөлмөрийн харилцаанд дарамт үзүүлэх, ялгаварлах, бусдад давуу байдал тогтоохыг хориглоно. Удирдлагын харилцааны арга барил нь хүний эрхийн зөрчлийг бий болгож байна.” гэжээ. ШЕЗ-ийн ёс зүйн өндөр шалгууртай шууд харшилах анхны факт энэ бөгөөд бас эцсийнх биш.
Хоёр. Тендергүйгээр олон тэрбумын барилга босгосон асуудалд холбогдсон ноцтой эргэлзээ

Хүрэлбаатарын Эрдэм-Ундрах https://www.parliament.mn/nn/75949/ нь Хууль зүйн сайд 

     Б.Энхбаярыг өмнө нь сайд байх үед Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн шинэ барилгыг тендергүйгээр, шууд гэрээгээр, тус хүрээлэнгийн барилгын олон тэрбумын хөрөнгө зарцуулсан гэж одоог хүртэл маргаан гардаг. Хүрээлэнд ажиллагсад энэ барилгын талаар үгээ барж, үйлээ үзэн суудаг. Төсвийн мөнгөөр төрийн бариулдаг чанаргүй барилгын тоог нэгээр нэмсэн байгууламж л болсон. Үүний цаад буруутан нь түүнийг холбогдсон гэж хэвлэлүүдэд удаа дараа дурдагдсан ч өнөөг хүртэл хариуцлага тооцоогүй нь гэм буруугүй гэхээсээ том ар талтайг илтгээд байх шиг. ШЕЗ нь шүүхийн санхүү, хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалтад гол үүрэгтэйг бодолцвол, ийм асуудалд нэр холбогдсон хүн томилогдох нь эрсдэлтэй. Тэгээд ч ийм хүн шүүхийн хараат бус байдлыг хангах уу, халдах уу гэдэг нь дараагийн жишээнээс тодорхой харагдана.


Гурав. Б.Энхбаяртай нэг төгсөлтийн, нэг хүрээний хүн

Х.Эрдэм-Ундрахын нэр дэвшилтэй холбоотой хамгийн ноцтой асуудлын нэг нь зөвхөн мэргэжил, ёс зүйн зөрчил биш. Тэр бол одоо ШЕЗ-ийн томилгоог шалгаж байгаа ажлын хэсгийн доторхи ашиг сонирхлын давхцал юм. Тодруулбал, одоогийн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмартай нэг анги, нэг төгсөлт, нэг хүрээний хүн. Харин Н.Мягмар нь Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын багийн хүн гэдгийг хуульчдын хүрээнийхэн сайн мэднэ. Б.Энхбаяртай МУИС-ийг хамт төгссөн ангийн хүн бол ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид. яг одоо ШЕЗ-ийн нэр дэвшигчдийн асуудлыг хариуцсан ажлын хэсгийн илтгэгч гишүүн.

Илтгэгч Д.Сүнжид нь Х.Эрдэм-Ундрахтай нэг анги, нэг найзын хүрээ, нэг танилын сүлжээнд байдаг. Хууль зүйн сайд Б.Энхбаяр, төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар нар ч нэг анги. ШЕЗ-ийн шалгаруулалт ангийнхан хоорондоо нэгнээ хамгаалдаг ашиг сонирхлын том сүлжээний дунд явагдаж байна гэсэн үг. Энэ бол Б.Энхбаярын хэлдэг төрийн албаны ёс зүйд, шүүхийн байгууллагын хараат бус байдалд, олон нийтийн итгэлд ноцтой халтай нөхцөл.Ингэснээр ШЕЗ-ийн томилгоо өөрөө хараат бус шалгаруулалт биш, ангийнхны дэмжлэгээр шийдэгдэх эрсдэл бодитоор үүсч байна.
Хууль зүйн сайд асан Б.Энхбаяртай тэрээр нэг курс, ойр тойрны, бодлогын хүрээнд хамт явсан нь шүүхийн бодлого, томилгооны хараат бус байдалд итгэлд нөлөөлөхүйц ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ.


Шүүхийн байгууллагын бодит туршлагагүй хүн
Х.Эрдэм-Ундрахын анкетын мэдээллээр шүүхийн байгууллагад ажилласан түүх байхгүй, шүүгчийн орчинд ажилласан туршлага байхгүй, өмгөөллийн практик хязгаарлагдмал, “өндөр мэргэшлийн” гэж бичсэн ажлын ихэнх нь академик эсвэл төсөл. ШЕЗ-ийн үндсэн үүрэг болох шүүгчийн сонгон шалгаруулалт, сахилгын хяналт, шүүхийн бодлого тодорхойлох ажилд шаарддаг туршлага хангалттай биш.
Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүхийн хараат бус байдлын баталгаа. Гэтэл шүүхийн байгууллагад огт ажиллаж байгаагүй, хуульчийн туршлагаасаа татгалзсан, хүчний байгууллагын удирдлагын карьер давамгайлсан хүн шүүхийн бодлого тодорхойлох төв байгууллагад орж ирэх нь шууд утгаараа шүүхийн бие даасан байдалд заналхийлсэн бодит эрсдэл юм. Шүүхийн байгууллагыг цэргийн командлалын логикоор удирдах оролдлого байж болзошгүй энэ томилгоонд олон нийтийн хяналт, хараат бус үнэлгээ шаардлагатай байна. Энэхүү нэр дэвшүүлэлтүүд нь НҮБ-ын Шүүхийн хараат бус байдлын суурь зарчмууд/United Nations (UN) – Basic Principles on the Independence of the Judiciary, 1985/-ыг зөрчжээ.
Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд цэрэг, цагдаагийн генерал томилогдвол “potential political/executive influence” үүснэ гэж шууд үзнэ. Учир нь тухайн хүн нь өмнө нь засгийн газар, дотоод хэргийн болон хууль сахиулах байгууллага, улс төрийн удирдлагад харьяалагдаж байсан нь эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгоно. Тиймээс шүүгч сонгох, шийдвэр гаргах явцад улс төрийн эсвэл гүйцэтгэх засаглалын нөлөө орж болзошгүй гэснийг хэлж байгаа юм. Шүүхийн бие даасан байдал бол ардчиллын хамгийн сүүлчийн баталгаа. Харин үүнд халдсан тохиолдолд зөвхөн шүүх биш, ард иргэдийн эрх, шударга ёсны үндэс эрсдэлд орно. ШЕЗ-ийн томилгоо бол улс төрийн тохироо биш. Шүүхийн хараат бус байдлын хувь заяа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН