Нүүр хуудасМэдээШинжлэх ухааны салбарын санхүүжилт, судлаачдын цалин, судалгааны тоног төхөөрөмжийг сайжруулах санал хэллээ

Шинжлэх ухааны салбарын санхүүжилт, судлаачдын цалин, судалгааны тоног төхөөрөмжийг сайжруулах санал хэллээ

УИХ-ын Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооноос өнөөдөр /2026.01.12/ “Шинжлэх ухааны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар санал солилцох уулзалт-ыг зохион байгууллаа. Уулзалтыг УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга С.Зулпхар нээж үг хэллээ. Тэрбээр салбарын хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих үүргийн хүрээнд дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг тодотгов.

Уулзалтад УИХ-ын ХХНББХ, Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны гишүүд, Эдийн засаг, хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи, салбарын хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож, шинжлэх ухааны салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын бодлого, төлөвлөлтийн талаар санал солилцов.

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар илтгэл тавьж, санхүүжилт, судлаачдын цалин хангамж, судалгааны багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээний асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг онцоллоо.

Харин Эдийн засаг, хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Мөнхтөр Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгаа, хөгжүүлэлтийн зардал одоогоор дотоодын нийт бүтээгдэхүүний 0.13–0.15 хувийг эзэлж байгааг мэдээлэв. Тэрбээр 2030 он гэхэд уг үзүүлэлтийг хоёр хувьд хүргэх, дэлхийн инновацын индексийн байрлалыг 78-аас 50 болгон ахиулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна гэв.

Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангаас 2020–2025 онд нийт 5000 гаруй судалгаа, инновацын төслийг санхүүжүүлсэн талаар мэдээлж, шинжлэх ухааны судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулахад гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд оролцогчид шинжлэх ухааны салбарын бодлогын уялдаа холбоог сайжруулах, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ. Мөн УИХ-ын гишүүд болон асуулт асууж, эрдэмтэд санал хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН