Нүүр хуудасМэдээЭМЯ: “Миний эрүүл мэнд, миний эрх, миний ирээдүй" залуусын уулзалт, хэлэлцүүлэг боллоо

ЭМЯ: “Миний эрүүл мэнд, миний эрх, миний ирээдүй” залуусын уулзалт, хэлэлцүүлэг боллоо

ЭМЯ ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран Дэлхийн эрүүл мэндийн өдрийн хүрээнд “Миний эрүүл мэнд, миний эрх, миний ирээдүй” уриатай залуучуудын уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2024-04-30/ ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.
Уулзалтыг нээж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсад ажлын айлчлал хийж буй ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукала, Монгол дахь Суурин төлөөлөгч Соккоро Эскаланте, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар үг хэллээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ДЭМБ-аас энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдрийг залуучуудын эрүүл мэндэд онцгой ач холбогдол өгч, улс орнууд энэ чиглэлд тодорхой асуудлуудыг шийдвэрлэхийг уриалах зорилгоор “Миний эрүүл мэнд, Миний эрх, Миний ирээдүй” сэдвийн дор тэмдэглэж буйг дурдаад  “Залуучуудын эрүүл мэнд, өрсөлдөх чадвар бүхий мэдлэг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, тэгш байдал, аюулгүй байдал, нийгмийн идэвх оролцоо гэсэн зургаан үзүүлэлтээр дэлхийн улс орнууд залуучуудынхаа хөгжлийг хэмжиж байна. Энэ индексээр манай залуус 2022 оны байдлаар 183 орноос 61 дүгээрт эрэмбэлэгдсэн.  Манай улс хүн амын насны бүтцийн хувьд харьцангуй залуу, гурван хүн тутмын нэг нь залуу гэсэн ангилалд багтаж байгаа нь юугаар ч сольшгүй баялаг, эрхэм үнэт зүйл юм” хэмээв.
Тэрбээр “Бид залуучуудаа эрүүл саруул оюун ухаан, бие бялдартай, эх оронч, хариуцлагатай, боловсролтой, мэдлэгтэй, мэргэжил мэргэшилтэй иргэн болгон төлөвшүүлж, баталгаатай ажил орлоготой, өөрийн гэсэн орон байртай, өмч хөрөнгөтэй болгох талаар тогтвортой, цогц бодлого явуулах үүрэгтэй. Нөгөө талаас залуус та бүхний өөрсдийн хүчин чармайлт, хариуцлага маш чухал” гэсэн юм.
Дэлхий дахинд хамгийн олон залуу үеийнхэн амьдарч буй цаг үе тохиож байгаа бөгөөд дэлхийн хүн амын тал хувь нь 30 ба түүнээс доош насныхан, 25 хувь нь 15 ба түүнээс доош насныхан эзэлдэг. Иймд хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгохын тулд эрүүл мэндийн тогтолцооны шийдвэр гаргах түвшинд залуусын оролцоо нэн чухал байна.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Сайа Ма’у Пиукала хэлсэн үгэндээ дэлхийн улс орнууд залуусын эрүүл, аюулгүй ирээдүйн төлөө ажиллаж байгааг онцлоод “Өнөөдөр Монголын залуус цуглаж, алсын хараа, ирээдүй, эрүүл мэндийн төлөө хэлэлцүүлэг өрнүүлж байгаад баяртай байна. Ази, Номхон далайн орнуудад дэлхийн нийт залуусын 60 хувь нь буюу 15-24 насны 700 сая хүн амьдардаг. Монгол Улсын нийт хүн амын 70 хувь нь залуус байна.
Уур амьсгалын өөрчлөлт, жендэрт суурилсан хүчирхийлэл, эрүүл бус амьдралын хэв маяг нь залуусын дунд өвлөл ихсэх шалтгаан болдог. Тиймээс хамтдаа эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм” гэв.
Бүсийн захирал хүн амын бүлэг дотроос хүүхэд, залуучуудын эрүүл мэндийг сайжруулахын тулд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглээд “Өсвөр насныхны бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийн хөгжлийн алхам бүрээс шалтгаалж өвөрмөц хэрэгцээ, эрүүл мэндийн янз бүрийн эрсдэлтэй тулгардаг. Залуучууд өөрсдийн дадал зуршил, зан үйлийн онцлогийн улмаас бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг эрүүл мэндийн төрөл бүрийн эрсдэлд өртдөг. Иймд хүүхэд насандаа эрүүл мэндийн зохих түвшний тусламж үйлчилгээнд хамрагдсан тохиолдолд насанд хүрсэн эрүүл хүн болж төлөвшинө” хэмээсэн юм.

Хэлэлцүүлгийн гол үндсэн илтгэлийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Монголын залуучуудын эрүүл мэндийн өнөөгийн байдал” сэдвээр тавьж, сэдэвчилсэн салбар хэлэлцүүлгийг “”Эрүүл монгол залуус”, “Залуучуудын эрүүл мэндэд хүрээлэн буй орчин, нийгмийн тодорхойлогч хүчин зүйлүүд”, “Залуучуудын эрүүл мэндийн төлөөх тэгш байдал, шударга ёс, нийгмийн бодлого”, “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хамруулалт”, “Шинжлэх ухаан, залуучуудын хөгжил” сэдвээр явууллаа.
Сэдэвчилсэн салбар хэлэлцүүлэгт залуусын төлөөлөл 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Хулан, МУИС-ийн оюутан Г.Ану, МЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Мөнхсайхан, “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн гишүүн Г.Эрдэнэзул, АШУҮИС-ийн оюутан А.Жамъянсүрэн нар илтгэл тавьж, санал бодлоо хуваалцсан.

МУИС-ийн оюутан Г.Ану НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн залуучуудын үйл ажиллагааны багийн болон НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүн бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах нөлөөллийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож дуу хоолойгоо хүргэдэг байна. Тэрбээр, “Миний хувьд өөрийн бэлтгэсэн сэдвийн хүрээнд залуусын манлайлал, дуу хоолойг хүргэхийг хүссэн. Уг сэдвээр залуус илүү дэлгэрэнгүй судалгаа хийх ч боломжтой.
Эрчим хүчний салбар тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд залуусын оролцоо маш бага байдаг. Гэтэл уг асуудал нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинтой салшгүй холбоотой. Үүнд олон улсын байгууллагуудын жишгээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, залуусын оролцоог нэмэгдүүлж, мэдлэг мэдээллээр хангахад  анхаарал хандуулах шаардлагатай тухай салбарын удирдлагуудад танилцуулахыг зорьсон” гэв.

“Эрүүл мэндийн мэргэжилтний хөгжлийн хурдасгуур” НҮТББ-ын тэргүүн, НҮБ-ын Зөвлөх хорооны гишүүн, АШУҮИС-ийн оюутан А.Жамьянсүрэн “Залуусын дунд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдалт хангалтгүй бөгөөд зонхилон тохиолдох өвчлөл хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа судалгаа гарсан. Аливаа өвчин эмгэгийг хүндэрсэн үед нь бус эрт оношлох нь эмчилгээний үр дүн болоод түүнд зарцуулагдах төсөв санхүүг багасгах ихээхэн ач холбогдолтой байдаг. Залуучууд өөрсдийгөө залуу хүн гээд тоохгүй явсаар хүндэрсэн үед нь эрүүл мэндийн байгууллагад ханддаг нь санхүү, цаг хугацаа, эмчилгээний үр дүнд сөрөг нөлөө үзүүлэх шалтгаан болдог. Тиймээс залуусыг буруу зуршлаасаа салж, урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж, эрүүл зөв амьдралын хэв маягийг эрхэмлэхийг уриалж байна” гэсэн юм.

ЭМЯ-наас залуусын эрүүл мэндийг дэмжих, эрүүл амьдрах ухаан, зөв дадлыг төлөвшүүлэх чиглэлээр олон  талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа хэдий ч халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын хамгийн сүүлд хийсэн үндэсний судалгаанаас харахад залуучуудын гурван хүн тутмын нэг нь тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг гэжээ. Мөн 2023 оны эрүүл мэндийн статистик мэдээллээр осол гэмтэл, гадны шалтгаант нас баралт 10-35 насны хүүхэд, залуучуудын дунд 60-аас илүү хувийг эзэлсэн байна.

Улс орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт манай улсын нийт хүн амын 40 хувь нь буюу 1,4 сая хүн  хамрагдсаны ердөө 22,4 хувь нь 18-30 насны залуучууд байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Түүнчлэн залуус өөрсдийгөө залуу учир эрүүл гэсэн ташаа ойлголттой байгааг өөрчлөх шаардлагатай. Мөн 18-30 насны залуусын дунд шээс, бэлгийн тогтолцооны эмгэг, хоол боловсруулах эрхтэн, зүрх судас, амьсгалын тогтолцооны өвчин, бэлгийн замаар дамжих халдвар зэрэг сэргийлж болох өвчлөл тэргүүлж байна.

Тиймээс өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлуулж эмчлүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамрагдах нь ирээдүйд үүсч болох эрүүл мэндийн болон эдийн засгийн эрсдэлээс хамгаалах учиртайг оюутан, залууст ойлгуулах талаар арга хэмжээ авах нь зүйтэй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд онцолж байв.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр залуусын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр  Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээг танилцуулж, залууст тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх ажил, боломжит шийдлийг хэлэлцэж, санал солилцсон чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсныг оролцогчид үнэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН