Нүүр хуудасМэдээЭМЯ: С.ЧИНЗОРИГ: Хавдрын тусламж үйлчилгээг нэг шат ахих боломжийг бүрдүүлсэнд баярлалаа

ЭМЯ: С.ЧИНЗОРИГ: Хавдрын тусламж үйлчилгээг нэг шат ахих боломжийг бүрдүүлсэнд баярлалаа

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр Хавдар судлалын үндэсний төвийн цэвэр ус түгээх системийг шинэчлэх засварын төсөл амжилттай хэрэгжиж, үр дүнгээ танилцууллаа.
Төслийн хэрэгжилттэй танилцах арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ үеэр Монгол Улс чөлөөт зах зээл, нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 34 жилийн турш тасралтгүй хэрэгжүүлж буй “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хөрөнгө оруулагч Япон улсын Засгийн газар, Японы ард түмэнд хувиасаа болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлээд “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөс 1990 онд В гепатитын вакцин үйлдвэрлэх технологийг сайжруулах төслийг дэмжин, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж эхэлснээс хойш улсын хэмжээнд аймаг, дүүрэг, сумын эмнэлгийн барилгуудад урсгал засвар хийж, шинэчлэн сайжруулах ажлыг эрчимжүүлснийг онцлон тэмдэглэв.
Тэрбээр “Тус хөтөлбөрөөс эмнэлгүүдийг техник технологи, тоног төхөөрөмжөөр хангахад 108 төслийн 8,3 сая ам.доллар буюу 29 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг Японы ард түмний хөрөнгөөр санхүүжүүлсэн бөгөөд энэ хүрээнд ХСҮТ-д тулгамдаад байсан цэвэр ус түгээх системийг иж бүрэн шинэчиллээ. 
Бидний хэрэгцээ шаардлагыг ойлгон дэмжиж, цаг үеэ олсон, уян хатан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд бодитой туслалцаа үзүүлж ирсэн явдал нь манай улсын хавдрын тусламж үйлчилгээг нэг шат ахих боломжийг бүрдүүлсэнд Япон улсын Засгийн газар, Японы ард түмэнд баярлалаа” хэмээв.
Анх 1982 онд ашиглалтад орсон ХСҮТ-ийн барилгын насжилт өндөр, ус хангамжийн систем нь зэвэрч муудан эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хүндрэл үүсгэж байсан талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү танилцуулаад “Өнгөрсөн оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн 217,1 мянган ам.долларын өртөг бүхий уг төслийн хүрээнд ХСҮТ-ийн 10 блок барилгын 20 мянган м.кв талбайтай, 9000 м урт цэвэр усны шугам сүлжээг иж бүрэн шинэчлэн сольсноор эмнэлгийн тусламж үйлчилгээний эрүүл, аюулгүй байдлын баталгааг хангалаа. Мэс заслын эмчилгээ дийлэнх хувийг эзэлдэг манай эмнэлгийн хувьд хагалгааны шархны ариун байдал, эдгэрэлтээс эхлээд мэс заслын багаж хэрэгслийн угаалга ариутгал, дархлаа дарангуйлагдсан хавдартай өвчтөнүүдийн эмчилгээ, үйлчилгээнд чанартай цэвэр усны нөлөө маш өндөр байдаг” гэдгийг дуулгалаа.

ХСҮТ-ийн барилга ашиглалтад орсноос хойш дээврийн их засвар хийгдээгүйн улмаас цас, борооны ус нэвтэрч, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, тусламж үйлчилгээний тасралтгүй байдалд бэрхшээл үүсгээд байсныг 2019 онд “Өвсний үндэс” хөтөлбөрийн тусламж болон ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар иж бүрэн шинэчлэн засварласан байна.
Монгол Улсын хавдрын тусламж үйлчилгээг дэлхийн түвшинд хүргэх, инновацийг нутагшуулан хөгжүүлэх, мэс засал, туяа, хими эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдахад Япон улсын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн онцолж, хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжихийн ерөөл өргөв.
Элчин сайд Игавахара Масарү энэ удаагийн төсөл нь “Өвсний үндэс” хөтөлбөрөөр ХСҮТ-д хэрэгжүүлсэн гурав дахь төсөл болохыг хэлээд “ХСҮТ нь Монгол Улсын хэмжээнд хавдрын тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг цорын ганц улсын эмнэлэг юм. Уг төсөл хэрэгжсэнээр эмнэлгийн орчин нөхцөл сайжирч, иргэд эрүүл, аюулгүй орчинд тусламж үйлчилгээ авах боломж бүрдэнэ” гэлээ.

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, техникийн хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Засгийн газраас олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсний нэг нь “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” юм.  Иймд хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж, эрүүл мэндийн салбарын хөгжил, шинэчлэлд ахиц дэвшил гаргахын тулд нягт хамтран ажиллахаа талууд илэрхийлж байлаа.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН