“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурван сайхан хороололд 1,200 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг шинээр баригдаж, ашиглалтад орлоо.

Энэхүү бүтээн байгуулалт нь орон нутгийн иргэдийн хэрэгцээнд тулгуурлан боловсролын суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийг ая тухтай, аюулгүй орчинд сурч хөгжих нөхцөлөөр хангах зорилготой. Мөн 140 гаруй багш, ажилтны ажлын байр шинээр бий болсон нь орон нутгийн тогтвортой хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр юм.

Шинэ сургууль, цэцэрлэг нь орчин үеийн боловсролын стандартад нийцсэн анги танхим, номын сан, мэдээлэл зүйн лаборатори, урлаг болон спортын заал, гал тогоо зэрэг иж бүрэн дэд бүтэцтэйгээр тохижуулсан. Цэцэрлэг нь AR технологид суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн, багш нарын сургалтын бэлтгэлийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.

Энэхүү цогцолбор нь боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд олон жилийн турш хэрэгжүүлсэн тууштай хамтын ажиллагааны нэгэн тод жишээ болж байна.