Хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, 2025 оны Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах, салбар хороодын төлөвлөгөө, төсвийн төслийн танилцуулга мэдээллийг сонсож зарим салбар хороонд үүрэг чиглэл өглөө.
Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан “Жил бүр Үндэсний их баяр наадамтай холбоотой асуудлыг цагийг нь тулгаж танилцуулдаг, алдаа дутагдлыг арилгаж, баяр наадмын бэлтгэл ажлыг эртнээс сайтар төлөвлөх шаардлагатай.
Мөн энэ зун зохион байгуулагдах Эдийн засгийн форумд оролцож буй гадаад, дотоодын өндөр түвшний зочин төлөөлөгчид Үндэсний их баяр наадмыг үзнэ. Тиймээс эмх цэгц, агуулгад илүү анхаарч тэдэнд зориулсан хөтөлбөр арга хэмжээг сайтар дэглэж зохион байгуулах”-ыг сануулав.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороог ойрын үед дахин хуралдуулж, 2025 оны Үндэсний их баяр наадмын салбар хороодын төсөв болон нээлт, хаалтын арга хэмжээний найруулагчийн сонгон шалгаруулалтыг эцсийн байдлаар шийдвэрлэхээр тогтлоо.