Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой зээлийг давуу эрх ашиглан авсан улстөрчдийн балгаар ЖДҮ гэдэг үг бараг гэмт хэргийн нэр мэт сонсогдох болсон энэ үед жинхэнэ ёсоор жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихээр монголчууд нэгдэн корпораци байгуулжээ. Тэд ЖДҮ хэмээх нэрийг жинхэнэ утгаар нь ажил хэрэгч, сонсголонтой нэр болгохын төлөө үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллах зорилгоор нэгдсэн байна.
Тус корпораци зөвхөн үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг үндэсний сүлжээ дэлгүүр байгуулах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэх, үйлдвэрлэгчдээ дэмжсэн дэмжлэг туслалцаа гадны хөрөнгө оруулалтыг татах зэрэг ажлуудыг дэс дараатайгаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн Монгол хүнд зориулсан эрүүл, чанартай бараа бүтээгдэхүүнийг нэг дороос өргөн сонголттой, хямд үнээр хэрэглэгчддээ хүргэх зорилготойгоор анхны үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. “Асартай үзэсгэлэн худалдаа” 2019.05.24-ний өдрөөс “Аса Циркийн” хойд талбайд зохион байгуулагдах юм. Хоёр улирал дамнан үргэлжлэх тус худалдаанаас иргэд хувцас, гоо сайхан, хүнс, ахуйн хэрэглээ гээд бүх төрлийн Монголд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломж бүрдэж байгаа ажээ.
Цаашлаад Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал бараа, бүтээгдэхүүнээ зарж борлуулах асуудлыг цэгцэлж үндэсний сүлжээ бий болгон борлуулалтын асуудлыг шинэ шатанд гаргахаар ажиллаж байгаа ажээ.