Нүүр хуудасМэдээӨнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр

Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр

Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрээр 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат ард Дамдины гэрт төржээ. Хүүхэд насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн тэрээр бага залуу насандаа Нийслэл хүрээ, Хиагтын өртөөний Хүй-Мандал-Бургалтайн замд улаа хийж байгаад 1911 оны 12 дугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн бөгөөд 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээн байгуулахад орж суралцан 1913 онд төгсгөж пулемёт сумангийн даргаар томилогдож байжээ.

1913 оны 7 дугаар сард 5 дугаар зэргийн жинс, тогосны отгоор, улмаар удирдсан цэргээ сайнаар сурган боловсруулсны төлөө 1915 оны 6 дугаар сард 4 дүгээр жинс, тогосны отгоор, мөн Зүүн ба Зүүн өмнө хязгаарт хятад цэргийн эсрэг байлдаанд эрэлхэгээр тулалдсан учир Монгол улсын Засгийн газраас 1917 оны 12 дугаар сард 3 дугаар жинс тус тус шагнагдсан нь түүний алдрын эхлэл байжээ.



Д.Сүхбаатар цэргийн албыг 1912-1918 онд хаасан ба 1918 оноос хууль шастир хэвлэх газар шилжин ажилласан байна. Энэ үеэс тэрээр Хүрээний нууц бүлгэмд элсэж 1920 оны 1 дүгээр сарын 5-нд гамин цэргийн эрхтнүүд монгол цэргийг татан буулгасны дараагаар Хужирбулангаас Нийслэл Хүрээнд ирж бүлгэмийн ажилд идэвхийлэн оролцох болсон ажээ.

Д.Сүхбаатар 1920 онд ЗОУ-аас тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож Эрхүү хотноо 4 сар шахам ажиллахдаа Сибирийн 5 дугаар армийн газар цэргийн сургууль хийж байв. 1921 оны 2 дугаар сараас АЖЦ элсүүлэх ажлыг удирдсан бөгөөд 1921 оны 3 дугаар сарын 6-нд АЖЦ-ийн штабыг байгуулахад Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжнаар томилсон ажээ. Тэрбээр 1921 оны 3 дугаар сарын 24-нөөс, 1922 оны 12 сар хүртэл Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921 оны 4 дүгээр сарын 10-наас 1923 оны 2 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 2 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 оны 9 дүгээр сард Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор шагнажээ. Тэрээр мөн 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнагдсан юм.

1922 7 дугаар сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар томилогдож, 1923 оны хоёрдугаар сарын 20-нд 30 настайдаа таалал төгсчээ.

Түүний оролцсон тулалдаануудаас нь дурдвал 1918 оны байлдаан, Хиагтыг чөлөөлөх байлдаан, Нийслэл хүрээг чөлөөлсөн түүхтэй.

1924 оноос түүний дурсгалд зориулан нам олон нийтийн байгууллага, хөдөлмөрчдийн өргөн цуглааныг хийж эхэлсэн бөгөөд 1930 оны намар Улсын төв театрын өмнөх талбайг түүний нэрээр нэрлэжээ. 1934 оноос Монголын бүх цэрэг армийн улаан буланг Д.Сүхбаатарын нэрэмжит болгож, мөн 1943 онд түүний нэрэмжит офицерын сургуулийг байгуулж, их дээд сургуулийн шилдэг онц сурлагатнуудад Д.Сүхбаатарын нэрэмжит цалин олгодог болжээ.

1945 оны 9 дүгээр сард төрийн хамгийн дээд шагнал Д.Сүхбаатарын одонг бий болгож, 1946 онд уран барималч С.Чоймболын гаргасан загвараар хөшөөг бүтээж 7 дугаар сарын 8-нд албан ёсоор хөшөөний нээлтийг хийсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН