НИТХ-ын шийдвэрээр автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж, нэг жилд авах хураамжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлээд байгаа.
Уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар иргэн Б.Цэгмид Болгарын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатарын гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бага тойруу, Амарын гудамж зэрэг газруудад энэ сарын 09-14-ний өдрийн хооронд өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цагийн хооронд мянган машины жагсаалыг зохион байгуулж байна.
Уг жагсаалын үеэр НӨАТ-ын татварыг иргэдэд 100 хувь буцаан олгуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснийг эсэргүүцэх, зээлийн хүүг бууруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байгаа юм байна.
Жагсаалын нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албанаас *Жагсаал, цуглаанд оролцогч нар Замын хөдөлгөөний дүрмийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусад хөдөлгөөнд оролцогч нарын чөлөөтэй зорчих хөдөлгөөнд саад учруулж байна. Тухайлбал: 2 эгнээ замын 1,2 дугаар эгнээг хааж зогсох, санаатайгаар ард иргэдийг бухимдуулж, зохиомол түгжрэл саатал үүсгэх оролдлогыг автомашинтай жагсагчдын зүгээс гаргаж байна. Мөн жагсагчид жагсаал цуглаан хийх зөвшөөрлөөр тухайн авто замыг хаах эрхтэй гэх зэргээр иргэдэд буруу ташаа мэдээлэл хүргэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар замын хөдөлгөөнд оролцогч иргэд замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн зорчиж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авч, урсгал чиглэлийг түр өөрчилснөөс бусад замд иргэд чөлөөтэй зорчих эрхтэй байдаг* гэсэн мэдээллийг өгч байна.