Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар ажиллаж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт зургаа, Хан-Уулд дөрөв, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Чингэлтэй, Багахангай дүүрэгт тус бүр хоёр, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг цэг нээхээр төлөвлөсөн.
Тэгвэл одоогийн байдлаар нийт 15 байршилд хүнсний ногоо эрхлэгчид ногоогоо борлуулж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт тав, Баянзүрх дүүрэг гурав, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр хоёр, Багануур дүүрэгт нэг цэг ажиллаж байна. Баянгол дүүрэгт 1000 машины зогсоолын зүүн, баруун талд ногооны үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байгаа бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс тодорхой хариу өгөхгүй байсны улмаас хугацаа алджээ.
Улмаар нэг ногоочинд 16 ам метр талбай ноогдох байдлаар 170 орчим ногоочинд хүнсний ногоогоо борлуулах боломжийг олгожээ. Зарим аймгаас ногоочид ирээгүй байгаа бөгөөд үлдсэн байршилд ногоог борлуулах зохицуулалт хийсэн байна.
Үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад УОК-ын даргын “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам” болон “Алтан намар” арга хэмжээний хүрээнд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад мөрдөх “Түр заавар”-ыг мөрдлөг болгоно. Ингэхдээ дүүрэг бүрийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үйл ажиллагаанд дотоод хяналт тавих иргэн, хуулийн этгээдийг худалдаа эрхлэгчдийн төлөөллөөс сонгон, гэрээ байгуулж байгаа юм.
“Алтан намар” арга хэмжээний хүрээнд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа
зохион байгуулах 24 байршил
Баянгол дүүрэг-2
- 3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолын баруун талд
- 3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолд
Сүхбаатар дүүрэг-6
- 6-р хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойно
- 7-р хороо, 4-р байрны хойно
- 9-р хороо, “Их тойруу” худалдааны төвийн гадна талбайд
- 12-р хороо, 32-ын тойргийн дэргэд
- 13-р хороо, 17-р сургуулиас Дарь-Эхтэй холбосон шинэ зам дагуу
- 16-р хороо, 33-ын автобусны буудлын дэргэд
Хан-Уул дүүрэг-4
- 2-р хороо, Ажилчдын алдар талбайд
- 7-р хороо, Яармагийн хуучин эцэст
- 21-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд
- 2-р хороо “Мишээл” экспо худалдааны төвд
Сонгинохайрхан дүүрэг–3
- 14-р хороо, Цамбагарав 2-р үйлчилгээний гадна талбайд
- 22-р хороо, Орбитын тойргийн дэргэд
- 37-р хороо, Содон хорооллын талбайд
Баянзүрх дүүрэг–3
- 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд
- 4-р хороо, Жуковын талбайд
- 8-р хороо, “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбайд
Чингэлтэй дүүрэг–2
- 4-р хороо, Бага тойруу, Барилгачдын талбайд
- 5-р хороо, Самбуугийн гудамж, Ялалтын талбайд
Налайх дүүрэг-1
- 2-р хороо, Соёл урлагийн ордны өмнөх Төв талбайд
Багануур дүүрэг-1
- 1-р хороо, “Хэрлэн” худалдааны төвд
Багахангай дүүрэг-2
- 1-р хороо, Үйлдвэр технологийн паркийн урд талбайд
- 2-р хороо, Хорооны цогцолбор барилгын урд талбайд
Зарим аймгаас ногоочид ирээгүй байгаа бөгөөд тод хараар тэмдэглэсэн есөн байршлын үйл ажиллагаа хараахан эхлээгүй байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС