Нүүр хуудасМэдээАмерикийн түүхэнд хараар тэмдэглэгдсэн өдөр 9 дүгээр сарын 11

Америкийн түүхэнд хараар тэмдэглэгдсэн өдөр 9 дүгээр сарын 11

2001 оны есдүгээр сарын 11-ний мягмар гарагийн өглөө лалын босогчдын “Аль-Каида” бүлэглэлийнхэн АНУ-д дөрвөн террорист халдлага үйлдсэн байдаг. Энэ явдал болсноос хойш даруй 18 жил өнгөрсөн ч өнөөдөр энэ өдрийг мартсан Америк иргэн гэж үгүй бизээ. Эдгээр халдлагын үеэр 2997 хүн амь үрэгдэж, 6000 гаруй хүн гэмтэж бэртэж, наад зах нь 10 тэрбум долларын эд материалын хохирол учирсан байдаг.


Тухайн үеийн үйл явдлыг эргэн сануулбал, АНУ-ын иргэний агаарын тээврийн “Американ Эйрлайнс” болон “Юнайтед Эйрлайнс” гэсэн хоёр томоохон компанийн зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг “Аль-Каида”-гийн 19 террорист булааж, дээрх халдлагуудыг үйлдсэн байдаг. “Американ Эйрлайнс”-ын 11, “Юнайтед Эйрлайнс”-ын 175 нислэгийн дугаартай хоёр онгоц Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг мөргөснөөр 110 давхар цамхагууд 1 цаг 42 минутын дотор нурж, ойролцоох 10 орчим тооны томоохон байгууламжид хор хохирол учруулсан юм.


Гурав дахь онгоц болох “Американ Эйрлайнс”-ын 77 нислэгийн дугаартай онгоц Виржини муж улсын Арлингтон хошуунд байрлах АНУ-ын БХЯ буюу Пентагоны төв байрыг мөргөсөн юм. Үүний улмаас тус байрны баруун тал нь нурж унасан байдаг. Харин дөрөв дэх онгоц “Юнайтед Эйрлайнс”-ын 93 нислэгийн дугаартай онгоцыг нийслэл Вашингтон хот руу чиглүүлэн авч явж байсан террористуудыг зорчигчид дарж авахыг оролдсоноор онгоц Пенсильвани муж улсаас холгүй орших газар сүйрсэн юм. Харин зарим иргэд энэ халдлагыг зөвхөн ихэр цамхаг нурснаар төсөөлөх нь бий.

Ийм л хар үйл явдлын мөр есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-ын түүхэнд тэмдэглэн үлдэж, нэг өдрийн дотор хамгийн олон гал сөнөөгч болон хууль сахиулагч амиа алдсан өдөр болсон юм. Энэ өдөр 343 гал сөнөөгч, 72 цагдаа амиа алдсан байна.

Тухайн халдлага болсны дараа “Аль-Каида” бүлэглэлийг үйлдлсэн гэж сэжиглэсэн юм. Террорист халдлагуудын дараа АНУ “Аль-Каида”-гийнхныг орогнуулж байсан “Талибан” бүлэглэлийг дарахын тулд Афганистанд терроризмтой тэмцэх дайн зарласан билээ. Мөн олон улс орон терроризмын эсрэг хууль тогтоомжоо чангатгаж, террорист халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд хууль сахиулах болон тагнуулын байгууллагын эрх мэдлийг өргөжүүлсэн байдаг.

“Аль-Каида”-гийн толгойлогч Осама бен Ладен энэ террорист халдлагуудтай ямар ч холбоогүй гэж эхэндээ үгүйсгэн няцааж байсан ч 2004 онд цуврал халдлагын хариуцлагыг хүлээсэн юм.  АНУ Израилийг дэмжиж, Саудын Арабад цэргүүдээ байлгаж байгаа болон Иракийн эсрэг хориг арга хэмжээ авсан зэрэгтэй холбоотойгоор 9/11-ний халдлагуудыг үйлдсэн гэж “Аль-Каида” болон Бен Ладен хожим нь мэдэгдэж байв. Энэ террорист халдлагуудаас бараг 10 жилийн дараа буюу 2011 оны тавдугаар сард АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тусгай баг Осама бен Ладеныг устгасан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН