Нүүр хуудасМэдээАнгли улс 2030 он гэхэд эрчим хүчний салбараа нүүрстөрөгчөөс бүрэн ангижруулах зорилт...

Англи улс 2030 он гэхэд эрчим хүчний салбараа нүүрстөрөгчөөс бүрэн ангижруулах зорилт тавьжээ

Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар үндэсний төлөвлөгөөгөө гаргаж, таван жил тутам сайжруулж байх үүрэг хүлээсэн. Тэгвэл Их Британи улс Ноттингемшир дэх Рэтклифф буюу хамгийн сүүлчийн нүүрсний цахилгаан станцаа 9 дүгээр сарын 30-ны өдөр хааж, 142 жилийн турш цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрс шатааж байсан үе дуусгавар болгож байгаа аж.

Англи улсын нүүрсний эрчим хүчийг үе шаттайгаар зогсоож байгаа үйл явдал нь олон улсын хэмжээнд чухал ач холбогдолтой юм. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өгсөн амлалтаа биелүүлсэн G7-ын анхны гишүүн юм. Рэтклифф станц 1882 оноос 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр буюу хаагдах хүртэл Их Британийн нүүрсний үйлдвэрүүд 4,6 тэрбум тонн нүүрс шатааж, 10,4 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулжээ. Их Британи нүүрсний эрчим хүчийг түр зогсоох нь нүүрсний нийт эрэлтийг 1600-аад оноос хойш байгаагүй түвшинд бууруулах юм.

Станцыг үе шаттайгаар зогсооход, дөрвөн үндсэн элемент дээр суурилсан аж.
Нэгдүгээрт, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, түүнийг даван туулахад хангалттай цахилгаан эрчим хүчний өөр эх үүсвэр бий болгох.
Хоёрдугаарт, нүүрс ашиглалтаас өөр шинэ хувилбарын станцыг барьж дуусгах.
Гуравдугаарт, агаарын бохирдол, нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) зэрэг гадаад хүчин зүйлийн үнийг тогтоох нь эдийн засгийн хэмжүүрүүдийг ч өөр хувилбаруудад үндэслэн судалсан.
Дөрөвдүгээрт, Засгийн газар 10 жилийн өмнө тодорхой үе шаттайгаар зогсоох хугацааг тогтоож, эрчим хүчний салбарт хариу арга хэмжээ авч, урьдчилан төлөвлөх цаг хугацааг тогтоож өгсөн.

2008 оны 10 дугаар сард Англи улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталсан бөгөөд 2019 онд хүлэмжийн хийн ялгарлыг “цэвэр-тэг” болгох зорилтыг хуульчилж, 1990 оны түвшнээс 60%-иар, дараа нь 80% хүртэл бууруулахаар зорьжээ.

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 2013 онд ойролцоогоор 50 ТВт цагийн хүчин чадалтай байсан бол 2018 онд 110 ТВт цаг болж, таван жилийн дотор хоёр дахин нэмэгджээ. Мөн сэргээгдэх эрчим хүчийг 2024 оны эхэн үеэс 150 ТВт/цагаас илүү эрчим хүч үйлдвэрлэлд хүргэхээр ажиллаж байгаа юм.
Тус улсын туршлага, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс харахад нүүрсний хэрэглээг богино хугацаанд зогсоох боломжтой бөгөөд үүнийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой юм гэж судлаачид үзжээ.

Англи улс 2030 он гэхэд эрчим хүчний салбараа нүүрстөрөгчөөс бүрэн ангижруулж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралыг бүрэн зогсоох зорилтыг тавин ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд олон хүндрэл бэрхшээл, ололт амжилттай нүүр тулаад байгаа талаар дурджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН