Нүүр хуудасМэдээАН-ын дарга дотоод сонгуулиар тодрох уу?

АН-ын дарга дотоод сонгуулиар тодрох уу?

Ардчилсан намыг тойрсон олон асуудал бий. Тэр дундаа хүлээгдэж буй асуултууд ч байна. Тийм ч учраас өчигдөр шөнө дөл болтол Үндэсний бодлогын хороо нь хуралдсан байх. Өчигдөр оройн 22:00 цаг өнгөрч байхад л эхний асуудлууддаа орж, 2020 оны УИХ-ын сонгуульд орсон талаар үнэлэлт дүгнэлт,  ҮБХ-ны ротаци явуулах эсэх, Их хурлын тов зарлах болон бусад асуудлуудаа хэлэлцжээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдсан шалтгаан, өнгөрсөн хугацаанд явуулсан алдаа оноогоо хэлэлцсэн байна. Сонгуулийн дараа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцорч, намын тамгаа дэд дарга Ц.Туваанд шилжүүлснээр одоо тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан ажиллаж байгаа юм. Харин Туваан даргын хувьд намын даргыг сонгох асуудлыг орон нутгийн сонгуулийн дараа явуулах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын шинэ дарга хэн болох нь арваннэгдүгээр сард тодорхой болно гэсэн үг. Харин ҮБХ-оос ковид-19 цар тахлын нөхцөл байдал болон орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлаас шалтгаалан намын их хурлыг арваннэгдүгээр сарын 16-нд хийхээр товлосон байна. Гэхдээ намын даргаа дотоод сонгуулиар явуулах эсэх нь одоогоор тодорхой биш байгаа бололтой. Асуудлын гол нь намын даргаа дотоод сонгуулиар тодруулбал, эрх мэдэлтний гарт очих вий гэсэн болгоомжлол байгаа бололтой.

Тэгэхээр намынхаа Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж, тэрхүү дүрмээр намын шинэ дарга болон шинэчлэлээ явуулахаар ҮБХ-оос тогтож, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулахаар болжээ. Мөн намын үйл ажиллагаа болон сонгуулийн ялагдлын учир шалтгааны талаар хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд, судлаачдыг оролцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ, судалгаа гаргах ажлын хэсэг байгуулах гэнэ. Гэхдээ намын даргын сунгаанд одоогоор яригдаж байгаа эрхмүүдийн нэг нь  Ногоон нүдэн ламын Оюунгэрэл, түүнтэй зэрэгцэн 10 орчим хүн нэр яригдаж байгаа юм. Харин намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нэр дэвшихгүйгээ илэрхийлсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН