Нүүр хуудасМэдээАрдын домог үлгэрээ жүжгийн тайзнаа үзэхүй

Ардын домог үлгэрээ жүжгийн тайзнаа үзэхүй

Монголын хүүхэлдэйн театр шинэхэн уран бүтээлүүдээрээ тасралтгүй үзэгч олонтойгоо уулзсаар байгаа билээ. Хүүхэлдэйн жүжгийнхээ зохиолуудыг өөрсдөө шинээр бичиж, үзэгчдийн сайн мэддэг домог, үлгэр зэрэгт өөрсдийн эмзэглэлээ шингээж уран санаагаараа баяжуулан, өөрчлөн шинэчилж, урын сангаа арвижуулсаар байна.

Монгол хүн бүр Хөхөө Намжилын домогыг хүүхэд ахуй цагаасаа л сонсож өсдөг. Морин хуурын үүслийн тухай эл домгийг мэддэг хүүхдүүд хэр олон бол? Өнөө үеийн хүүхэд багачууд соёлын солилцооны асар хүчтэй нөлөөнд өртөн өөрсдийн үндэстний соёл түүхээс илүүтэйгээр харь соёлын үлгэр, домог, хүүхэлдэйн кино зэрэгтэй хэлд орохоосоо ч өмнө танилцаж байна. Сүүлийн үед манай уран бүтээлчид энэ хандлагыг эсэргүүцэн орчин үеийн буюу техник технологийн өндөр хурд, хөгжлийн үед өсөн торниж буй хүүхэд багачуулд зориулан үндэсний шинжтэй бүтээл туурвих нь олширсон. Үүний нэгэн жишээ нь Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын нэгэн бүтээл болох “Морин хуур” хүүхэлдэйн драм билээ. Энэ оны намрын улиралд “Морин хуур” хэмээх шинэхэн жүжгээрээ нээлтээ хийсэн баг хамт олон өнгөрсөн сард буюу 9 дүгээр сард ОУ-ын “Исток” хүүхэлдэйн театрын фестивальд энэ бүтээлээрээ амжилтай оролцон ирж үргэлжлүүлэн хүүхэлдэйн театртаа жүжгээ тоглосоор байна.

Уг бүтээлийн зохиолыг СТА Т.Энэрэл Хөхөө Намжил буюу “Морин хуурын үүсэл” хэмээх домог үлгэрээс сэдэвлэн хөгжүүлж жүжгийн зохиол болгосон юм. Хөхөө Намжилын домог үлгэрт хуур хэрхэн бий болсон тухай өгүүлдэг.  Харин энэ жүжиг нь зөвхөн морин хуур хөгжмийн тухай биш. Дуу, эгшиг гэдэг өөрөө ертөнцийг анагаан тэтгэгч гэдгийг басхүү харуулна. Намжил хүү домог дээр нэгэн баян, нууцлаг ноёны ганц охинд хайр сэтгэлтэй болдог бол жүжигт тэнгэрийн охин хэмээх гайхалтай дуу хоолойтой охинд дурлана. Царай зүсийг нь нэг ч хараагүй хэр нь ээ дуу хоолойгоор нь охинд сэтгэл алдрах ба газар дэлхий дээр тэд зөвхөн эгшиг аялгуугаараа л холбогдоно. Ийн эгшиг аялгуу бол тэнгэртэй шууд холбоотой гэсэн санааг гаргана. Эхний үзэгдэл буюу оршил хэсгээс л дээд тэнгэрийг хүртэл гагцхүү дуу эгшигийн ачаар аргадан гуйж буйг үзүүлдэг. Мөн зохиолын үг хэл нь шүлэглэсэн байдлаар бичигдсэн бөгөөд энэ нь мөн л эгшиг дуун гайхамшгийг харуулах зорилготой хэмээн найруулагч Даваасүрэн өгүүлж байсан юм. Ийн жүжигчдийн хэлэх үг хэл нь эгшиг дуун нэгэн адил болж үзэгчдэд аялгуу сайхан монгол хэлний маань яруу уянгалаг талыг мэдрэх боломж олгожээ.

Орчин цагийн хүүхэлдэйн театр монголд хөгжиж эхэлснээс л домог үлгэр, ардын аман зохиолтой салшгүй холбоотой байсаар ирсэн. Монголын төдийгүй, дэлхийн үлгэрүүдийг театрчилсан хүүхэлдэйн жүжиг болгон үзэгчдэд хүргэж байсан билээ. Долоон өндөгтэй доголон шаазгай, Болдоггүй бор өвгөн, Могжоохон даагатай жогжоохон хүү зэрэг манай ардын үлгэр, домгуудын дүрүүдийг хөгжүүлж, зөрчлөөр баяжуулан жүжгийн зохиолын хэлбэрт оруулж байжээ. Жишээлбэл ““Болдоггүй бор өвгөн” жүжигт дүрийн боловсруулалтыг нэлээд чамбай хийсэн нь Шагшаахай хэмээх шаазгай, болдоггүй бор өвгөний үнэнч туслах болгож шаазгай хэл сайн дамжуулдаг гэх ард түмний бэлгэдэлт хүсэлтэй нийлүүлсэн мэт. Хэрээг Хурмастын хон хэмээн дэргэдээ итгэн байлгасан ч тэр угийн муу амьтан тул итгэлийг нь эвдэж Хурмаст тэнгэрт өргөхөөр зэхэж байсан өвгөний хув бор хониноос гарсан, хундан цагаан хурганы хоёр нүдийг сохлон худал ярьсныг Хурмаст итгэж чоно, луу чөтгөр зэргээ илгээсэн хэрэг явдал өрнөж буй үйл явдлын шугамыг тун эвлэгхэн гаргаж ирснээр зүгээр нэг сонирхуулан ярих үлгэр бус тодорхой дүр бүхий амьд жүжиг болгож чадсан нь олзуурхууштай.” Хэмээн судлаач Д.Оюунбадрах бичжээ. Морин хуур жүжигт ч мөн дүрийн хөгжүүлэлтийг боломжийн сайн хийсэн. Домог үлгэрийн Намжилыг өнчин хүү болгон сүргээсээ хоцорсон алдуул Жонон хүлэгтэйгээ тааран ханьсан нөхөрлөнө. Жонон хүлэгт санаархагч Хөх дөл хэмээх дүрийг шинээр бүтээснээр зөрчлийг бий болгоно. Хөх дөл Жонон хүлгийг өөрийн болгохоор удаа дараа тэмцэх ч эцэст нь Жонон хүлэг амь тавина. Ингээд гансарч гашуудсан Намжил хүлгийнхээ хялгасыг татан, толгойг нь дуурайлган мод сийлж нэгэн хөгжим бүтээх нь морин хуур болно.

Хүүхэлдэйн театрт ихэвчлэн хүүхэлдэйг амилуулагч жүжигчин ил харагддаггүй. Ялангуяа, хуруун хүүхэлдэйнийх бүр ч далд байдаг. Харин энэ жүжигт жүжигчид тайзан дээр ил харагдах бөгөөд бүр ам нь хөдөлж хүүхэлдэй биш жүжигчид өөрсдөө ярих нь тодхон үзэгдэнэ. Гэсэн хэдий ч жүжигчний энэ ил тоглолт нь жүжигт хүүхэлдэйд үр бүтээж буй гэсэн итгэлд огтхон ч нөлөөлөхгүйгээр зогсохгүй үлгэр домгийн ер бусын шинжийг хадгалсаар байсан юм. Жүжигчид хүүхэлдэйтэй хамт нэгэн цул, нэгэн дүр болж байгаа нь хүүхэлдэйн театрын нэгэн онцлог чанар билээ. Хүүхэлдэйнүүд урлалын хувьд харин сонирхолтой байсны жишээ нь Намжилын хүлэг Жонон юм. Толгой болон их бие хэсэг харагдах бөгөөд их бие хөндийд отор нь жүжигчин байгаа нь нэвт харагдана. Гэсэн хэдий ч Жонон бол морь гэсэн төсөөллийг бий болгож хийсвэрлэн сэтгэх боломжийг олгоно. Түүний тэнгэрлэг жигүүрийг ч мөн гайхалтайгаар урласан бөгөөд аварга том энэ далавч нь тун сүрлэг байх ажээ. Магад үзсэн хэн бүхний дурсамжид тодхон үлдэх хэсэг нь Жононгийн жигүүрээ дэлгэж буй хэсэг байх биз ээ.

Хүүхэлдэйн театр сүүлийн үеийн жүжгүүддээ гэрлийг бүтээлчээр хэрэглэх болсон. Морин хуур жүжиг дээр ч мөн энэ нь харагдах бөгөөд эхний хэсэг болох тэнгэрээс хур бороо шаагин асгарч байгааг маш үнэмшилтэйгээр үзүүлнэ. Үүнээс гадна Хөх дөлийн дүр гэрэл, сүүдэртэй ихээхэн холбоотой. Түүний ер бусын хүч чадал, зан байдлыг тод харуулахад гэрэл, сүүдрийг ихээхэн ашигласан. Хөх дөлийн мутраас бадамлан асах гал, уур хилэндээ шатаж буйг нь үзүүлэх дүрэлзсэн хөх дөл зэрэг нь дүрийг нь илүү тодотгож байлаа. Мөн түүний дээр хорсол шаналлынх нь эх болсон үйл явдлыг сүүдрээр илэрхийлсэн нь ихэд сэтгэл хөдөлгөм байлаа.

Хүүхэлдэйн театр нь манай эриний өмнөх тавдугаар зуунд тоглогдож байсан гэх баримт бий. Дэлхийн улс орон, үндэстэн бүр хүүхэлдэйн театрын өвөрмөц онцлогуудтай байдаг. Судлаачид хүүхэлдэйн жүжиг нь анх зан үйл, ид шидтэй холбоотой байсан гэж үздэг бөгөөд хөгжин хувьсахын эрхээр тэр хүү шидийн байдал нь үгүй болсон гэдэг. Гэвч одоог хүртэл дэлхийн газар сайгүй хүүхэлдэйн театрууд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, олон шинэ хэв маяг, ур хийцээр баяжигдсаар буй. Хүүхэлдэйн театр нь зөвхөн бага насны хүүхдүүдэд л зориулагдсан гэх өрөөсгөл ойлголт бий. Бүр эртний үедээ ч хүүхэлдэйн театрын зорилтот үзэгчид нь хүүхдүүд биш харин насанд хүрэгчид байсан. Хүүхэлдэйн театрын арга хэлбэрүүдээр дэлхийн сонгодог жүжгүүдийг ч тоглох боломжтой бөгөөд гагцхүү тэрхүү хүүхэлдэйн театрын онцлог шинжүүдийг ойлгосон үзэгчид хүүхэлдэйн театрыг зорин ирэх болсноор л биелэх юм. Хүүхэлдэйн театрын өсөлт хөгжилтөд үзэгч таны оролцоо ихэд дутагдаж байна. Анх үүсэж хөгжсөн цагаасаа л хүүхэлдэй театрууд үзэгчдээ алдалгүй энэ олон зууны нүүрийг үзсэн. Гэсэн ч өнөө цагт монголд хүүхэлдэйн жүжиг нь зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан хэмээх ташаа ойлголттой байгаа нь харамсалтай. Угтаа бол хүүхэлдэйн жүжиг хэн бүхэнд зориулагдсан жүжиг юм шүү дээ. Хийсвэрлэн төсөөлөх орон зайг үгүйлэгдэж буй энэ үед хүүхэлдэйн жүжгүүд биднийг төсөөллийн их тивд золгуулж сэтгэл оюуныг баясгаж чадна.

СУИС-ын ТУС-ийн “Утга зохиол судлал, жүжиг киноны зохиолч” хөтөлбөрийн оюутан Г.Халиунаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН