Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхтэй холбогдуулан өргөтгөсөн ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд АН-ын бүлэг хуралдсан тухайгаа мэдээллээ. Хуралдсан гол шалтгаан бол хоёрдугаар хэлэлцүүлгийн үед АН-ын байр суурийг тодорхой илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн АН-ын улс төрийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу өчигдөр хуралдаж, АН өөрийнхөө байр суурийг тодорхой илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж шийдвэрээ гаргасан гэдгээ мэдэгдлээ. Тиймээс
Д.Эрдэнэбат: “Парламентын засаглалын тогтолцоог бэхжүүлэх сайжруулах нь бидний эн тэргүүний зорилго. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь өөрөө аливаа нэг улс төрийн намын болон гишүүний явцуу эрх ашгийг гүйцэлдүүлэх учиргүй гэж үзэж байгаа. Анхнаасаа бидний байр суурь ч тийм байсан. Хэлэлцүүлгийн явцад өрнөж байгаа нөхцөл байдал, Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулсан зүйл заалтууд нилээн маргаан дагуулж байгаа сэдвүүд байгаа.
Хамгийн гол үндсэн суурь зарчмууд дээр бид нар гол анхаарлаа зайлшгүй хандуулах ёстой гэж үзсэн. Ер нь бол Парламентын тогтолцоо түүнийг бэхжүүлэх, сонгодог парламентаа жинхэнэ ёсоор буй болгох, парламентын хариуцлагыг дээшлүүлэх, ардчиллын үнэт зүйлийг сайжруулах төгөлдөршүүлэхэд Ардчилсан намын үүрэг хамгийн нэн тэргүүнд байх ёстой гэдэг зарчмын байр суурь өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа.
Энэ Үндсэн хуулийн өөрчлөлт нь Монгол төрийн ирээдүйн хувь заяаг тодорхойлох учраас энд ямарваа нэгэн явцуу юм уу олонхийн эрх ашигт хөтлөгдөх учир байхгүй гэдгийг дахин нотолж харсан. Өчигдрийн хуралдаанаар гурван гол зүйлд анхаарлаа хандуулж ярилцлаа.
Өөрчлөлтийн гол зарчим нь юун дээр тулгуурлаж явах ёстой юм бэ? гэдэг гурван зүйлийг онцолж хэлэх нь зүйтэй гэж бид нар үзсэн. Энэ гурван зүйлээ Энхтүвшин даргатай ажлын хэсэгт хүргүүлнэ. Хамгийн гол үндсэн зарчим бол,
Нэгдүгээрт, Сонгодог парламентын ёсонд нийцүүлсэн Засаглалын хуваарилалтын асуудал байгаа. Энэ засаглалын хуваарилалт өөрчлөлтөөр хангагдаж чадаагүй байна гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт, Хорин хэдэн жил мөрдөгдөж ирсэн Үндсэн хуулийн бас нэг доголдолтой зүйлийг засч сайжруулах нь төрийн Эдийн засгийн бодлого, санхүүгийн бодлого тодорхойгүй байгааг энэ өөрчлөлтөөр хангаж чадахгүй байна гэж харсан.
Гуравдахь, Зарчмын гол асуудал юу вэ? гэхээр Төрийг хариуцлагажуулах тухай асуудал. Сонгууль болохоос эхлээд сонгогдсон гишүүд нь төрд ямар хариуцлага хүлээх ёстой юм бэ? нэг дэх зүйл, хоёр дахь зүйл ард иргэд өөрсдөө ямар эрхтэй оролцох ёстой юм бэ? гэдэг асуудал бүрхэг байна гэж. Ийм гурван зүйл дээр бид нар анхаарлаа төвлөрүүлсэн зарчмын байр суурийг илэрхийлж байна гэж ойлгох хэрэгтэй.
Хамгийн сүүлд нь бидний анхны тавьсан байр суурь байгаа. Энэ юу вэ? гэхээр энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөгийн их хурлаар бус Ард нийтийн санал асуулгаар батлагдах ёстой гэсэн зарчмын байр сууриа бид нар дахин нотлох нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй холбогдуулаад бид нар өнөөдөр Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд АН-ын байр суурийг илгээж байгаа” гэлээ.