Нүүр хуудасМэдээАТГ: Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаанд олон улсын шинжээчид...

АТГ: Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, үйл ажиллагаанд олон улсын шинжээчид үнэлгээ хийж байна

Монгол Улсын авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийх зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас томилогдсон олон улсын шинжээчдийн баг Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний мониторинг хийхээр манай улсад 2024 оны 4 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд ажиллаж байна. 

Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд Авлигын эсрэг сүлжээний нарийн бичгийн даргын дарга, багийн удирдагч Русудан Михелизэ, Румын Улсын Хууль зүйн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын дарга Андрей Фурдуи, Румын Улсын Авлигатай тэмцэх үндэсний газрын Ижил чиг үүрэг бүхий гадаад улсын байгууллага хариуцсан газрын ерөнхий прокурор Анка Жюрма, Авлигын эсрэг сүлжээний нарийн бичгийн даргын газрын шинжээч Ноэл Мэриллэт, Авлигын эсрэг сүлжээний нарийн бичгийн даргын газрын бодлогын шинжээч Аман Ёохал, Португал Улсын Порто хотын Давж заалдах шатны шүүхийн дарга Хосэ Игреха Матос, Европын сэргээн босголтын банкны Худалдан авах ажиллагааны бодлого, зөвлөх газрын туслах дарга Евгений Смирнов, Европын сэргээн босголтын банкны Шударга байдлын төслийн газрын туслах дарга Люк Гриббон нар оржээ.

Олон улсын шинжээчид Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний 5 дугаар шатны мониторинг хийх ажлын хүрээнд Монгол Улсын авлигатай тэмцэж буй бодлого, шүүх эрх мэдлийн байгууллагын болон прокурорын байгууллагын бие даасан байдал, шүгэл үлээгчийн эрх зүйн байдал, бизнесийн шударга байдал, ашиг сонирхлын зөрчил ба хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг, авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, авлигын гэмт хэргийн ял оногдуулалт зэрэгт нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж байна.

Тусгайлсан хөтөлбөрийн дагуу Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Үндэсний аудитын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Транспэрэнси интернэшнл”, “Глоб интернэшнл” зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, бие даасан шинжээч, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан гишүүн орнуудын баталсан аргачлалын хүрээнд үнэлгээний асуултуудад хариулт авч байна. 

Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг сүлжээ нь 1998 онд байгуулагдсан бөгөөд гишүүн улсуудын авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хүчин чармайлтад дэмжлэг үзүүлдэг бүс нутгийн форум юм. Станбулын авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөг 2003 оноос эхэлж Авлигын эсрэг сүлжээний дор хэрэгжиж байгаа бүс нутгийн улсууд харилцан үнэлгээ хийх хөтөлбөр.

Монгол Улс нь Станбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2012 онд нэгдэн орсон бөгөөд 2014 онд тус байгууллагын үнэлгээний баг манай улсын авлигын эсрэг үйл ажиллагаа, эрх зүйн орчинд анх удаа үнэлгээ хийсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН