Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл Эрдэнэтийн овоолгыг ашигладаг “Ачит Ихт” ХХК-ийн талаарх зарим мэдээллийг тодруулан хүргэж байгаа билээ.
Эдгээр мэдээлэл ил болох нь уурлаж бухимдаад, нууж хаагаад байх юм биш гэж бид үзсэн болно. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” бол 40 гаруй жилийн турш Монгол Улсын санхүү, эдийн засгийн “саалийн үнээ” болж ирсэн. Ийм нэртэй болчихсон юм. Тиймээс монголчууд Эрдэнэтийн овоолгыг ашиглаж, катодын цэвэр зэсийн үйлдвэртэй болсон “Ачит Ихт” ХХК-ийн талаарх бодит мэдээллийг мэдэх эрхтэй юм. Харин тэд нуух эрхгүй.
Ер нь бол эргэлзээтэй асуудлууд энд нэлээд бий. Эхнээс нь тоочиход “Ачит Ихт” компанийн эзэн П.Цагаан “…“Голомт”-оос зээл авсан, зээл нь зогссон. Жил гаруй болоод “NOBLE” гээд олон улсын худалдааны компаниас 24 сая ам.доллар авч 2011 оноос эхэлсэн ажил нь 2014 оны аравдугаар сард дуусч, үйлдвэр ашиглалтад орсон түүхтэй” гэж ярьдаг. Эхний хөрөнгө оруулалт буюу “Голомт”, “Ачит Ихт” хоёрын харилцаа эргэлзээ дагуулдаг гэсэн үг. “Ачит Ихт” компани Монгол Улсын төрийн эзэмшлийн ил гаргаад ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдрээс гаргасан катодын зэсийг зарахдаа төлбөрийг Монголд авдаггүй. Сингапурын “FORTUNE I TRADE” компани руу авдаг. Тэр компанийнх нь захирлаар П.Цагааны хадам дүү Д.Жаргалсайхан ажилладаг гэсэн мэдээлэл бас бий.
Бас П.Цагаан “…Хэрэв энэ ажил маань буруу, болохгүй гэвэл төр шийдвэрээ гаргаг л дээ. Бид хүндэтгэнэ” гэсэн нь төрийн хөрөнгийг төрд буцаахдаа юм ярихгүй гэж ойлгогдож байгаа юм. Үнэхээр их хүч гаргаж, мөнчгөрөөрөө босгосон бизнесээ “…Авбал ав” гээд сууж байдаг бизнесмэн дэлхийд байхгүй. Энэ утгаараа их л сонин шийдвэр болж таараад байгаа юм. Энэ мэтээр хариулт нэхсэн асуулт олон бий.
Тиймээс бид энэ удаа “Ачит Ихт”-ийнхэн, П.Цагаан нарын байгуулсан, хувь эзэмшдэг аж ахуйн нэгж, компаниудын талаарх мэдээллийг хүргэх гэж байна.
“Ачит Ихт”-ийн гэр бүлийн эзэн бол 2012-2015 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Пунцагийн Цагаан юм.
П.Цагаан нь:
-2006 оны аравдугаар сарын 19-нд байгуулагдсан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий “Степплинк” ХХК-ийг 100 хувь эзэмшиж байв. Байв гэсний учир нь тус компани өдгөө татан буугджээ.
-2008 оны арванхоёрдугаар сард эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан “Степпе Солар” ХХК-ийг 100 хувь эзэмшиж байна. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Цэрэндоржийн Цолмонбаатар ажилладаг.
-Дэлгэц, телевизийн уран бүтээл, туурвилын “Талын зураг” ХХК /5272327/-ийг 2008 оны арваннэгдүгээр сарын 20-нд үүсгэн байгуулжээ. Одоо энэ компани ССАЖЯ-ны Газрын даргаар ажиллаж байсан Нарангэрэлийн Оргилын 100 хувийн эзэмшилд шилжсэн, Н.Оргил захирлаар нь ажилладаг байна.
-2007 оны хоёрдугаар сарын 8-нд үүсгэн байгуулагдсан худалдааны зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулалттай “Ти Эм Би” ХХК /5117054/-ийн 33.4 хувийг эзэмшдэг. Тус компанийн 33.2 хувийг АНУ-ын иргэн Suphapong Boonyapratuang, 33.4 хувийг нь АНУ-ын иргэн Storw Edward эзэмшдэг аж.
-П.Цагаан нь Хуягийн Оюунболдын хамт 2008 онд “Ай Пи Даблью” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Энэ компани Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бондын мөнгөөр санхүүжүүлсэн 888 төслөөс 4.2 тэрбум төгрөг авсан. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн “Шунхлай” бензин агуулахын баруун талд ухаалаг угсармал орон сууц барина гэсэн төсөл бичиж байжээ.
-П.Цагаан 2007 оны арваннэгдүгээр сарын 14-нд “Юнайтед финанс ББСБ” ХХК /2663384/-ийг үүсгэн байгуулжээ. Энэ ББСБ нь одоо ч үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг. Энэ ББСБ нь 11 хувьцаа эзэмшигчтэй. Голлох хувьцаа эзэмшигч нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан Д.Түвшинжаргал юм. Түүнд 50 гаруй хувь байдаг. Мөн тус ББСБ-ын 2.11 хувийг нь Хятадад Элчин сайдаар сууж байсан Ц.Сүхбаатар, 6.31 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, хүний энөөцийн газрын захирлаар 2012-2015 онд ажиллаж байсан С.Ганболд, 5.43 хувийг “Монруд” ХХК-ийн захирал Г.Анхбаяр, 2.59 хувийг нь Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, 2.59 хувийг ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, Соёлын харилцааны газрын зөвлөх Ж.Сэрээжав, 1.5 хувийг “Мандал даатгал” ХХК-д менежер ажилтай Г.Цогт, 1.59 хувийг Японы иргэн Юүжиро, 5.23 хувийг Г.Сэлэнгэ, 2.59 хувийг Х.Оюунбилэг, 6.47 хувийг Ц.Содхүү нар эзэмшдэг байна. /Жич: Хувьцаа эзэмшигчдийн эзэмшдэг хувьд өдгөө бага зэргийн өөрчлөлт орсон байж болно/ Хоёр жилийн өмнө энэ ББСБ-ын хувьцаа эзэмшигчид мөнгөө булаалдаж бөөн хэрүүл дэгдэж байсан билээ.
П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэгийн төрсөн дүү Д.Жаргалсайхан гэж бий. Тэрээр “Ачит Ихт” ХХК-ийн дэд захирал, “FORTUNE I TRADE”-ийн захирлаар ажилладаг.
Д.Жаргалсайхан нь:
-“Дисковер Инвест” ХХК,
-“Нью Пайз” ХХК,
-“Копперланд” ХХК,
-“Өмнийн говь сейфити” ХХК гэсэн таван компани үүсгэн байгуулжээ. Эдгээр нь эгч Д.Эрдэнэцэцэгийнх нь байгуулсан компаниудтай холбогддог байгаа юм.
П.Цагаан, Д.Эрдэнэцэцэг нар хүү, охин хоёртой.
Хүү Ц.Мөнхтүвшин нь:
-2010 оны нэгдүгээр сарын 15-нд “Таванхуруу” ХХК,
-2010 есдүгээр сарын 10-нд “Степпкупер” ХХК,
-2011 оны аравдугаар сарын 4-нд “Хилэм-Ост” ХХК,
-2013 оны нэгдүгээр сарын 29-нд “Степпелинк” ХХК,
-2013 оны хоёрдугаар сарын 19-нд “Нью И Эн азиа ГХО” ХХК,
-2014 оны дөрөвдүгээр сарын 14-нд “Монголын мэргэжлийн электрон хөлбөмбөгийн холбоо”-г байгуулжээ.
Охин Ц.Номундарь нь:
– 2009 оны тавдугаар сарын 25-нд “Хөхгартаам” ХХК /5305934/,
-2010 оны есдүгээр сарын 10-нд “Степпкупер” ХХК /5405718/,
-2016 оны есдүгээр сарын 6-нд “Анирсаг финанс” ХЗХ /6104304/-г байгуулсан байна.