Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2024.11.22/ Улсын ИХ Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.
Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай
Монгол Улс Иж бүрэн цөмийн аюулгүй байдлын баталгааны гэрээнд (Comprehensive Safeguards Agreement) 1972 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэгдэн орсон. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний баталгааг хэрэглэх тухай Нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орж, 2001 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2003 онд соёрхон баталсан. Улмаар Олон улсын атомын энергийн агентлагт 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэж, энэ өдрөөс протоколыг хүчин төгөлдөр мөрдөж байна.
Олон улсын атомын энергийн агентлаг (“ОУАЭА”) нь Цөмийн аюулгүй байдлын “Иж бүрэн аюулгүй байдлын баталгааны гэрээ” ба Нэмэлт протоколыг хэрэгжүүлж буй улс орнуудын бүх цөмийн материал энхийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа эсэх өргөн хэмжээний албан ёсны дүгнэлтийг гаргадаг.
ОУАЭА-ийн Удирдах зөвлөлөөс цөмийн байгууламжгүй, бага хэмжээний цөмийн материалтай улс орнуудад “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-д хамрагдах нь зүйтэй гэж үзэн гишүүн орнуудыг тус Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орохыг уриалсан. Үүний дагуу ОУАЭА-аас манай улсыг Бага хэмжээний цөмийн материалын протоколд нэгдэн орох саналыг 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн ч манай улс нэгдэн орох асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.
2005 онд ОУАЭА-ийн Удирдах зөвлөлийн шийдвэр гарснаас хойш багагүй хугацаа өнгөрснийг харгалзан ОУАЭА нь Бага хэмжээний цөмийн материалын протоколын анхны хувилбартай байгаа улс орнуудад баталгааны дүгнэлтийг цаашид үргэлжлүүлэн гаргах боломжгүй болохыг мэдэгдсэн тул Монгол Улс ойрын хугацаанд зохих арга хэмжээ авахгүй тохиолдолд 2024 оноос эхлэн ОУАЭА-аас баталгааны дүгнэлт гаргуулах боломжгүй болох эрсдэл үүсчээ.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан ба тус тогтоолыг хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах талаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн.
Улмаар Засгийн газраас тус конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар конвенцод нэгдэн орох асуудлыг хэлэлцээд дэмжсэн санал, дүгнэлт гарсан.
2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдсантай холбоотойгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 79.1-д заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай өргөн мэдүүлжээ.
Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай
Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1994 онд баталж, 1996 оны 10 дугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болсноос хойш одоогийн байдлаар 96 улс нэгдэн оржээ.
Конвенцын зорилго нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааны дэглэмийг ханган тогтвортой байдлыг сахих, цөмийн төхөөрөмжөөс үүсэх ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хүн ам, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор болзошгүй цацрагийн ослын үед үр дүнтэй хариу арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэх, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгахад оршиж буй аж. Энэхүү конвенц нь цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагааг хангахад үйлчлэх юм байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааг цөмийн аюулгүй байдлын олон улсын хэм хэмжээ, шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцод нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан байна.
Улсын Их Хурлын 2015 оны 60 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах талаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн байна.
Улмаар Засгийн газраас тус конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар конвенцод нэгдэн орох асуудлыг хэлэлцээд дэмжсэн санал, дүгнэлт гаргажээ.
2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдсантай холбоотойгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 79.1-д заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу өнөөдөр өргөн мэдүүлжээ.
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц нь энхийн зорилгоор ашиглах цөмийн материалыг олон улсын хэмжээнд аюулгүй тээвэрлэх, биечлэн хамгаалахад, конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь энхийн зорилгоор ашиглаж байгаа цөмийн байгууламж, цөмийн материалын үр дүнтэй биечлэн хамгаалах тогтолцоог дэлхий дахинд бий болгон хэвшүүлэх, цөмийн материал болон байгууламжийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой аж.
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц нь 1987 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр болсон ба манай улс 1986 онд нэгдэн орж, соёрхон баталжээ.
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцод 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 164 улс нэгдэн орж, 44 улс гарын үсэг зурсан бөгөөд тус конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр болсон ба 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 137 улс нэгдэн орсон байна.
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц нь зөвхөн олон улсын тээвэрлэлтийн үеийн биечлэн хамгаалах арга хэмжээнд хамаарч байсан бол конвенцод орсон 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь цөмийн байгууламж, түүнчлэн дотоодын хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлтэд байгаа цөмийн материалд хамаарч байна. Мөн конвенцод хамаарах санаатай гэмт хэрэгт цөмийн материалыг хууль бусаар нэвтрүүлэх, цөмийн байгууламжид хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, хүрээлэн буй орчинд ноцтой хохирол учруулах зэрэг асуудлууд нэмэгдэж, хорлон сүйтгэх ажиллагааны талаарх мэдээлэл солилцох, туслалцаа үзүүлэх өргөтгөсөн хамтын ажиллагааны зохицуулалтууд нэмэгдсэн байна.
Монгол Улсын Их хурлын 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.3.7-д “Ураны нөөцийг түшиглэн атомын цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлж суурь судалгааг хийнэ” гэж тусгасан бөгөөд улмаар ОУАЭА-аас гаргасан цөмийн эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулахаар төлөвлөж буй 27 улс, орнуудын жагсаалтад Монгол Улс орсон байна.
2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ОУАЭА-аас Монгол Улсын Цөмийн энергийн комисст ирүүлсэн албан бичигт Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол 2005 онд шинэчлэгдсэнээс хойш өнөөг хүртэл Монгол Улс нэгдэн орох арга хэмжээг аваагүйгээс үүдэн цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглаж байгаа баталгааны албан ёсны дүгнэлтийг ОУАЭА-аас гаргах боломжгүй болох тухай үр дагавар үүсэх талаар мэдэгдсэн аж.
Хэрэв 2024 оны дотор манай улс тус нэмэлтэд нэгдэн орох арга хэмжээг авахгүй бол эдийн засаг, эрүүл мэнд, аж үйлдвэр, хөдөө, аж ахуй, байгаль орчин, цацрагийн аюулгүй ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд цаашид хэрэгжих боломжгүй болох нөхцөл байдал үүсчээ.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан ба тус тогтоолыг хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах талаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэжээ.
Улмаар Засгийн газраас тус конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар конвенцод нэгдэн орох асуудлыг хэлэлцээд дэмжсэн санал, дүгнэлт гаргасан байна.
2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдсантай холбоотойгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 79.1-д заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу хуулийн төслийг өргөн мэдүүлжээ