Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д энэ сарын 02-06-ны өдөр ажлын айлчлал хийх үеэр ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн асуудлыг хоёр улсын хамтарсан ажлын хэсгийнхэн хэлэлцсэн. Ажлын хэсгийн Монголын талыг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга ахалж, ЭХЯ, УУХҮЯ, ГХЯ, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүрэлдэхүүн ажилласан бол ОХУ-ын талыг тус улсын Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин ахалж, Эрчим хүчний яам, “Газпром”, “Газпром Экспорт” компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
Байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн маршрут нь урьдчилсан байдлаар төмөр зам дагуу байх аж. Маршрутын хувьд урьдчилан харж, тооцож болохооргүй газрууд байж болох ч, тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэж байхаар болсон байна. Эхний ээлжинд техникийн шийдэл гаргахад шаардлагатай мэдээллийн жагсаалтыг ОХУ-ын ЭХЯ-наас Монголын талд энэ сарын сүүлчээр ирүүлэхээр тогтов. Түүнчлэн төслийн эдийн засгийн үр өгөөжийг тооцох нь чухал гэдэг дээр талууд зөвшилцсөн. Үүнд хоолойгоор дамжуулах байгалийн хийн хэмжээ, хоолойн диаметр, хий дамжуулах, шахах дэд станцууд болон шаардагдах цахилгаан хангамж зэрэг техникийн болон эдийн засгийн үр ашгийн тооцоог хийх шаардлагатайг онцолж, үүний дараа төслийн үр өгөөжийн талаар ярих нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ. Мөн айлчлалын үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр, Ц.Батсайхан нар ОХУ-ын “Росатом” корпорацийн удирдлагуудтай уулзав.