Энэхүү арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Тайхюун Ли болон эдийн засаг, байгаль орчин, уул уурхай, авто зам, барилга, дэд бүтцийн салбарын төрийн байгууллага, судалгаан шинжилгээ, холбогдох иргэний нийгмийн байгууллага болоод олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.
Арга хэмжээний эхэнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх ерөнхий танилцуулгыг БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх хийсэн бол Дэлхийн банкны мэргэжилтнүүд Байгаль орчин, нийгмийн стандартын нийцлийн тайлан танилцууллаа.
Үүний дараа Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний шинэчлэл,хүлээж болох үр дүн, шийдэх сорилтууд сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг өрнөлөө.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгасан онцлох зохицуулалтууд:
• Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт сайжирч, төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч нарт учирч байсан цаг хугацаа алдах, бичиг баримтын бүрдэл хангах, хүлээх, төрийн байгууллага хооронд явах асуудал цэгцрэх,
• Олон улсын банк, санхүүгийн байгууллагын стандартаас шалтгаалан нөлөөллийн үнэлгээний тайланг хүлээн авахад гардаг хүндрэл бэрхшээлүүд арилах,
• Асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгаль орчны үнэлгээтэй холбоотой төрийн үйлчилгээг шуурхай чирэгдэлгүй хүргэх, цахим хэлбэрээр ажиллах, мэргэшсэн мэргэжилтэн нарыг ажиллуулах, төвлөрлийг сааруулах, оролцогч талуудын ажлын уялдаа холбоо сайжрах,
• Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн мэдэх эрхийг байгаль орчны үнэлгээний харилцаанд хангах замаар ил тод мэдээллээр хангагдах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзсэн.