Нүүр хуудасМэдээБайгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөр сэтгүүлчдийг мэргэшүүлж эхэллээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөр сэтгүүлчдийг мэргэшүүлж эхэллээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI/ болон Mонголын анхны мультимедиа агентлаг “Mongoliapress” хамтран уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх эхний сургалтаа хийлээ. Сургалтад 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцов. Энэхүү сургалтын гол зорилго нь уур амьсгал, гамшгийн эрсдэлийг бууруулах, дасан зохицох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах COP-17 хуралдааны талаар мэдээлэл өгөх зорилготой юм.

Сургалтыг нээж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа үг хэлсэн. Тэрээр “Биднээс үл хамаарч уур амьсгалын өөрчлөлт явагдсаар байна, үүнд дасан зохицох үндэстэн бий болгох нь чухал. Дасан зохицох үндэстэн гэдэг нь аливаа гамшиг болоход бид бэлэн байх учиртайг хэлж буй юм. Иргэд уур амьсгалын өөрчлөлтийн талаар ойлголт, мэдлэг мэдээлэлтэй, төр засгийн авч хэрэгжүүлж байгаа бодлогууд нь тодорхой байх ёстой” гээд уур амьсгалын өөрчлөлтийг иргэдэд танилцуулахад мэргэшсэн сэтгүүлчдийн үүрэг оролцоо их болохыг онцолсон юм.

Түүний дараа Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI/-ын суурин төлөөлөгч Маттью Лэ Блан хэлсэн үгэндээ “Манай байгууллага Монгол Улсад 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 120 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулсан байна. Хийсэн ажлуудаас дурдвал угсармал орон сууцуудыг дахин дулаалж, дулаан алдагдлыг нь бууруулах том төслийг хэрэгжүүлж байна. Мөн Монголын анхны ногоон санхүүгийн корпорацыг байгуулах ажлыг хэрэгжүүлж байгаа. Бид цаашдаа Монголын хамгийн анхны нарны дулаан станцыг барих төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

Тус байгууллага нь дээрх томоохон төслүүдийг хэрэгжүүлээд зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр иргэдийг чадавхжуулахад онцгой анхааран ажиллаж буй. Энэ хүрээнд хот, хөдөөгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг ч зохион байгуулжээ. Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага /GGGI/-ын суурин төлөөлөгч Маттью Лэ Бланы зүгээс энэ удаад сэтгүүлчдийг уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшүүлэхээр сургалт хийж буй нь ихээхэн ач холбогдолтойг хэлж байлаа. Сэтгүүлчид иргэдэд мэдээ мэдээлэл түгээхийн сацуу чадавхжуулах, гэгээрүүлэх, цаашлаад шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогчдод нөлөөлөх давуу талтайг тэрээр онцолсон юм.

Энэ удаагийн сургалтад мэргэжлийн экспертүүд уур амьсгалын өөрчлөлтийн талаар сонирхолтой илтгэлүүд тавьсан. Мөн сэтгүүлчид энэ чиглэлээрх төрийн бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, COP-16, 17 дугаар хурлуудын талаар нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болж чадсан юм. Энэхүү сургалт цаашдаа үргэлжилж, сэтгүүлчдийг уур амьсгалын чиглэлээр мэргэшүүлэхэд чиглэгдэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН